Хөл хорионы хатуу дэглэмээс үүдэн орлогогүй болж, хаалгаа барихдаа тулсан бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүд өнгөрсөн зургадугаар сард “Тэвчээр тасарлаа” хэмээх хөдөлгөөн өрнүүлж, түүний хүрээнд Сүхбаатарын талбайд эсэргүүцлийн тайван цуглаан зохион байгуулсан. Эсэргүүцлийн цуглааныг зохион байгуулсан иргэн Д.Амартүвшинг өчигдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 500 мянган төгрөгөөр торгох шийдвэр гаргав. Тэрбээр Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчсөн гэдэг үндэслэлээр хэрэгт татагдсан юм. Тодруулбал, Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт “эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, тэдгээрийн дэглэм зөрчсөн”, 5.8 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт “эрх бүхий байгууллагад бүртгүүлэхгүйгээр жагсаал, цуглаан зохион байгуулсан” гэж заасныг үндэслэн, түүнийг торгов.
Энэ бол Монгол Улсын иргэн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх эрх чөлөөгөө эдлэх зорилгоор тайван жагсаал, цуглаан хийх эрхийг баталгаажуулсан гол баримт бичиг болох Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн зохицуулалт үеэ өнгөрөөснийг илэрхийлэх нэг л жишээ. Д.Амартүвшин 100 хүрэхгүй хүнийг зохион байгуулж, зайгаа бариад флаш моб бүжиж, эсэргүүцлээ илэрхийлсний төлөө торгуулсан байхад соёл, амралтын хүрээлэнд зогсох зайгүй болтол нь залуучуудыг цуглуулж, шоу хийсэн Засгийн газрын агентлаг, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, түүний удирдлага, уг арга хэмжээнд холбогдох албан тушаалтнуудад ямар хариуцлага тооцов гэдэг нь бас тусдаа, манай нийгмийн гажиг, ужиг асуудлуудын нэг.
Энэ мэт эрх тэгш биш байдлыг шүүмжилж, хууль, дүрэм нь харилцан адилгүй үйлчлээд буйг эсэргүүцсэн “Nodoublestandart” хөдөлгөөнийхөн баривчлагдан хоригдсон нь харин энд хамаатай. Тус хөдөлгөөнийг санаачлагч иргэн Э.Одбаяр, Д.Монголхүү нар үзэл бодлоо илэрхийлж, жагсаал, цуглаан хийхэд мөн л зөвшөөрөлгүй, бүртгэлгүй зохион байгуулсан гэх үндэслэлээр цагдаагийн байгууллагаас тэдэнд шаардлага хүргүүлсэн. Улмаар цар тахлын үед хэрэгжүүлж буй хууль, дүрмийг зөрчиж, зөвшөөрөлгүй олон нийтийг цуглуулсан гэх шалтгаанаар байцаалт, мэдүүлэг авахаар саатуулсан, цагдан хорьсон шүү дээ. Иймд Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулиа одоо л шинэчилье, цаг нь болсон.
Манайд хүний эрх, тэр дундаа улс төрийн эрх чөлөө зөрчигдөж байгаа үндсэн шалтгаан нь энэ хууль болчихоод байгааг хүний эрхийн мэргэжилтнүүд хэдийн хэлчихсэн. Хүний эрхийн үндэсний комисс гэхэд л 2002 онд буюу Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх анхны илтгэлдээ үүнийг хөндөж байв. Тус илтгэлд “Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуульд “Гудамж, талбайд жагсаал, цуглаан хийх тухай мэдэгдлийг сум, дүүргийн Засаг даргад өгч, зөвшөөрөл авна” гээд “Засаг дарга жагсаал, цуглаан хийх тухай мэдэгдлийг хүлээн авснаас хойш зургаан өдрийн дотор түүнийг зөвшөөрсөн, эсэхээ бичгээр мэдэгдэнэ” гэж заасан нь хэт удаан байна” тусгаж байжээ. Үүнээс хойш жил бүр буюу 20 удаа илтгэл гаргахдаа 2004, 2008, 2011, 2021 оныход яг энэ асуудлыг онцолж, Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийг өөрчлөхийг шаардаж ирсэн юм.
Ингэхдээ Засаг даргаас зөвшөөрөл хүсэх, түүнд бүртгүүлэх нь учир дутагдалтайг засаж, залруулахыг шаардаж байсан гэхэд болно. Ердөө л иргэд, байгууллага тайван жагсаал, цуглаан зохион байгуулах тухайгаа шат шатны цагдаагийн байгууллагад мэдэгддэг байхад л хангалттайг олон улсын жишиг, туршлагад үндэслэн хүний эрхийн мэргэжилтнүүд хэлээд байгаа шүү дээ. Мэдээж жагсаал, цуглааны тайван байдлыг хангах үүргийг цагдаа хариуцаж байгаатай энэ нь холбоотой. Жагсаал, цуглаан хийх журмын тухай хууль нь иргэдэд Үндсэн хуулиар олгосон, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөг баталгаажуулахын зэрэгцээ уг арга хэмжээний үеэр аюулгүй байдлыг хангах зорилготой. Иймд “Цагдаагийн бие бүрэлдэхүүн зайлшгүй шаардлагатай бусад ажиллагаанд оролцох болсноос хүчний хувьд тухайн арга хэмжээг зохицуулах боломжгүй, өөр жагсаал, цуглаан давхацсан тохиолдолд бүртгэхгүй байх хуулийн зохицуулалт хийх ёстой” гэж Хүний эрхийн үндэсний комисс өдгөөгөөс 10 жилийн өмнө 10 дахь тайлангаараа хууль тогтоогчдод хандаж, шаардаж байсныг эшлэн, сануулъя.
Үнэндээ иргэд төр, засаг, эрх баригчдад шаардлага тавьж, бодлого, үйл ажиллагааг нь шүүмжлэн, эсэргүүцэж буйгаа илэрхийлэхийн тулд жагсаал, цуглаан зохион байгуулдаг. Харин эл шүүмжлэлт үзэл бодлоо илэрхийлэх зөвшөөрлийг тухайн үеийн эрх баригчид, Засгийн газрын харьяа, шууд удирдлагад ажиллаж, тэндээс томилогддог Засаг дарга хэмээх албан тушаалтнаас хүсэж байгаа нь агуулгын хувьд зөрчилтэй юм. Өөрөөр хэлбэл, бодлого, үйл ажиллагааг нь шүүмжилж, эсэргүүцэхийн тулд өөрсдөөс нь зөвшөөрөл авч, бүртгүүлж ирсэн хэрэг. Өнгөрсөн хугацаанд зөвшөөрөл, бүртгэл хүссэн олон өргөдөл, хүсэлтэд Засаг дарга нар татгалзсан хариу өгөхдөө туйлын тодорхойгүй, явцуу хандсан байдгийг нэг бус судалгаа, тайланд дурджээ.
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийг УИХ 1994 онд баталсан. Өнгөрсөн 30 шахам жилийн хугацаанд 2005, 2006, 2014, 2015, 2017 онд нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуульд 2005 онд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа Сүхбаатарын талбайд тайван жагсаал, цуглаан хийхийг хориглосон заалтыг хүчингүй болгосны зэрэгцээ Засаг дарга зөвшөөрөл олгодог байсныг түүнд бүртгүүлэх болгон өөрчилсөн юм. Энэ л зохицуулалт өдгөө үйлчилж буй. Гэвч “зөвшөөрөл”-ийг “бүртгэл” болгосон эл өөрчлөлт нь иргэний тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөгөө эдлэх баталгаа болж чадахгүй байгааг цар тахалтай энэ өдрүүдэд өрнөж буй үйл явц батална. Сүүлийн хоёр жилд буюу цар тахлын үед улс төрийн нам, эвсэл, иргэний хөдөлгөөн, төрийн бус байгууллага, иргэнээс улсын хэмжээнд 451 жагсаал, цуглаан, 12 удаа суулт, өлсгөлөн зохион байгуулсан байна.
2008 оны долдугаар сарын 1-ний үйл явдалд тулгуурлан тухайн онд гаргасан Хүний эрхийн үндэсний комиссын илтгэлд “Өмнөх хуульд байсан “зөвшөөрөл өгөх”, “зөвшөөрөл олгох” гэснийг “бүртгэх”, “бүртгүүлэх” гэсэн нэр томьёогоор хэлбэрийн төдий сольж, жагсаал, цуглааныг бүртгүүлээгүй бол албадан тараах эрх зүйн зохицуулалт хэвээр байгаа нь үнэн хэрэгтээ “зөвшөөрлийн тогтолцоо” үйлчилсээр байгааг харуулж байна. Жагсаал, цуглааныг бүртгэх эрх нь улс төрийн албан тушаалтан буюу тухайн орон нутгийн Засаг даргад байгаа болон гурав хоногийн дотор бүртгэсэн, эсэхээ мэдэгдэх тухай заалтыг ч хянан үзэх шаардлагатай” хэмээн онцолсон байх аж.
Нэгэнт хуульд нь жагсаал, цуглааныг Засаг даргад бүртгүүлэх ёстой гэж заасан тул хууль биелүүлээгүй гэх үндэслэлээр тухайн арга хэмжээг цагдаа албадан тараахаас аргагүй. Эндээс л төр хийгээд иргэн, цагдаа ба жагсагчдын дунд зөрчил үүсэж байна. Иргэн Э.Одбаяр, Д.Монголхүү нартай холбоотой асуудлаар гэхэд л цагдаагийн байгууллагаас “Үндсэн хуулиар олгогдсон үзэл бодлоо илэрхийлэх нэрийдлээр хууль бус жагсаал, цуглаанд бусдыг уриалсан, гутаан доромжилсон, цагдаагийн байгууллагын шаардлагыг биелүүлэхээс татгалзсан” гэх тайлбар хэлэх жишээтэй. Цаашлаад “Муу дээрээ муухай, муухай дээрээ улцан” гэгчээр жагсаал, цуглааны үеэр хууль сахиулагчид, цагдаагийн албан хаагчид ур чадвар, хандлагын алдаа гаргадаг нь нууц биш. Нөгөө талаас хөшигний цаанаас удирдаж буй хэн нэгний гар хөл болж, захиалгаар, мөнгөөр жагсдаг нь бас оргүй зүйл биш. Энэ бүхний наадах, цаадхыг ялгахгүй бол цөөн хүн амтай манай улсын үндэсний аюулгүй байдал хөндөгдөх аюул, эрсдэл байгааг үгүйсгэх гэсэнгүй. Гагцхүү жагсаал, цуглааны үеэр төр, иргэн болж талцаад байгаа суурь шалтгаан нь хуульдаа байгааг эрх бүхий хүмүүс нь хүлээн зөвшөөрч, ажил хэрэг болгоосой гэж хүсэж байна. Жагсаал, цуглааны тухай хуулийг шинэчлэх нь хууль тогтоогчдын хувьд “шоудаж”, санал цуглуулах сэдэв биш байж болох ч одоо хангалттай. 20 гаруй жилийн турш мэдсээр байж мэдээгүй мэт царайлж, хэн нь ч энэ хуулийг барьж авалгүй явлаа шүү дээ. Одоогоор УИХ-ын гишүүн Н.Учрал Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуульд энэ чиглэлээр нэмэлт, өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл боловсруулж, санал авахаар Засгийн газарт хүргүүлээд буй. УИХ-д өргөн барьчихвал хэлэлцүүлгийн шатанд дэмжээрэй, гишүүд ээ.