Барилгын өртгийн ерөнхий индекс энэ оны III улиралд 179.8 болж, өмнөх улирлынхаас 3.5, өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 35.4 хувиар нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хорооноос өчигдөр мэдээлэв. Барилгыг зориулалтаар нь ангилан үзвэл, орон сууц барих өртгийн индекс өмнөх оны мөн үеийнхээс 35.4 хувиар өссөн байна. Машин механизмын түрээсийн зардал 8.9, материалын өртөг 2.2 хувиар нэмэгдсэн нь үүнд голлон нөлөөлжээ. Тэгвэл орон сууцын бус барилгын өртгийн индекс дээр дурдсанаас арай илүү буюу 36.3 хувиар нэмэгдсэн гэнэ. Эмнэлэг, сувиллын барилгын өртөг 5.5, оффисынх 2.2 хувиар өссөн нь үүнд нөлөөлсөн аж. Харин барилга угсралт, их засварын ажлын гүйцэтгэл нэлээд буурсан байна. Тухайлбал, улсын хэмжээнд энэ оны эхний есөн сард нийт 3.2 их наяд төгрөгийн барилгын ажил гүйцэтгэжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 668.9 тэрбум буюу 17.2 хувиар буурсан үзүүлэлт гэнэ.