Чингэлтэй дүүргийн нэгэн сургуулийн гуравдугаар ангийн сурагч Г.Чингүүн цахим хичээлээ хийн хэвтэхийг харлаа. Нэг долоо хоног танхимд суун, нөгөөд нь онлайнаар суралцаж буй тэрбээр 09.30 цагт эхэлдэг цахим хичээлээ орондоо хэвтэнгээ үзэж байв. Тэрбээр утасныхаа камерыг унтраагаад, багш болон ангийнхныхаа дууг сонсонгоо зурагтын суваг сольж байх юм. Гар утасных нь дэлгэц дээр цөөн хүүхэд харагдах бөгөөд дүрэмт хувцасныхаа цэнхэр цамцыг өмсөн, цомцойн суусан нь байсан бол заримынх нь нэрийг багш удаа дараа дуудан “Камераа нээ, бичиж, тэмдэглэснээ харуул” гэж чангаар хэлж байлаа. Г.Чингүүний ээж “Цахим хичээлд нь оролцуулах гэж “дажин” болдог. Хөл хорио тогтоон, цахим болон теле хичээл зааж эхэлсэн даруйд арай идэвхтэй байж. Одоо бол ангиараа л цахим хичээлийг ер бичиж тэмдэглэхгүй байгаа шинжтэй. Ангийнх нь “Meeting”-д багадаа 25 хүүхэд оролцох ёстой ч 10 хүрэхгүй л харагддаг. Уг нь би ажлаа тарж ирээд даалгаврыг нь хийлгээд, давтуулаад, шалгуулаад байгаа. Гуравдугаар ангид орсон гэхэд уншихдаа эг маг, бичихдээ ч бөөн алдаа” гэв. Цахим хичээлийн үр дүн, сурагчдын оролцоо, багш нар болон эцэг, эхчүүдийн байр суурийг тодруулахаар ойр хөршийн хүүхдийн хичээлийг сонирхоход ийм дүр зураг харагдлаа.
Баянгол дүүргийн 51 дүгээр сургууль руу өчигдөр 11.30 цагийн үед очсон юм. 08.00 цагт хичээл нь эхэлсэн зарим ангийнхан тарцгаан, гадаа хэд гурваараа нийлэн бужигнаж байсан бол заримынх нь хичээл эхэлж, сургууль дотор хөл хөдөлгөөн бага байв. Гадаа бужигнаж буй хэд бол гэрээс нь ирж авах хүнээ хүлээсэн бага ангийнхан юм байна. Мөн сургуулийн хоёрдугаар давхрын хонгилд байсан 5-6 хүү голдоо суугаа хоёрынхоо утас руу нүдээ “унагажээ”. Томхон дэлгэцтэй утсаа завсаргүй товшин, байлдаж, тэмцэлдэн тоглож буй бололтой хүүхдүүд болон шимтэн харж суугаа хэдэд хажууд нь хүн ирээд, ажин зогсохыг анзаарах сөхөө алга. Хичээлдээ орох цаг болсон, эсэх, цахим ба танхимын хичээлийн альд нь суух сонирхолтой байгааг нь тэднээс асуулаа. Тавдугаар ангийн сурагч Г.Энгүүн “10 минут завсарлаж байна. Манай анги 46 хүүхэдтэй. Энэ долоо хоногт 23 нь ангидаа хичээллэж буй бол ирэх долоод бид хэд цахимаар орно. Бас теле хичээлээ давтана. Ер нь онлайнаар хичээл үзэх дургүй. Сайн ойлгохгүй байгаа юм. Мөн аав, ээж хоёр ажилдаа явчихдаг болохоор эмээдээ туслан, дөрвөн настай дүүгээ саатуулж, гэрийн ажлаа ч хийлцдэг, хичээлдээ явж байвал л гоё” гэсэн юм. Түүнчлэн тус сургуулийн аравдугаар ангийн сурагч охин “Ахлах ангид орсон учраас хичээлээ аль болох өөрөө бие дааж давтан, сайн сурах ёстой үе ирсэн. Цахим хичээл үзэхээр төвлөрч өгөхгүй, бас гэрийн ажилд зарагдах нь бий ч хичээж л байна. Би сургуулиа төгсөөд БНСУ руу явах сонирхолтой учраас солонгос, англи хэл гүнзгийрүүлж үзэхээр гэрийн багш авсан. Долоо хоногт хоёр удаа багшийнд очин хичээл заалгадаг. Ахлах ангийнхан, оюутнууд зайнаас хичээллэж сурах, биеэ дайчлах шаардлага үүссэн гэж боддог” хэмээн хэрсүүхэн ярьж байв. Түүнчлэн дээрх сургуулийн тавдугаар анги даасан багш Ж.Отгонхүүхэнтэй уулзан, ажлын ачаалал, сурагчдын сурлагын түвшин ямар байгааг сонирхов. Тэрбээр “Цар тахлын нөлөөгөөр ачаалал нь ихсэн, улмаар биеийнх нь тамир тэнхээ муудсан мэргэжилтнүүдийн тоонд багш, эмч, цагдаа нар зүй ёсоор багтах болов уу. Би гэхэд ангийнхаа тал хүүхдэд өглөөгүүр танхимд, үдээс хойш цахимаар хичээл зааж, даалгавраа шалган, маргаашийн хөтөлбөртөө бэлтгэсээр байтал 00.00 цаг хүрдэг. Мөн сурагчид хичээлдээ тааруу болж, идэвх чармайлт суларсан нь илт анзаарагдаж буй. Тав хоног танхимд хичээллэн нэлээд зүгшрээд явсан хүүхэд ес хоногийн дараа ирэхдээ үзсэн хичээлээ мартаж орхих юм. Аав, ээжүүд нь ажил ихтэй, хичээлийг нь давтуулах завгүй юм байлгүй. Танхимд үзсэнээ бататгах нь бүү хэл мартаад, цахим хичээлээ ч ойлгоогүй ирдэг. Тавдугаар ангийнх хэрнээ хүрд бүрэн мэдэхгүй, гуравдугаар ангийнхны дунд үзгээ зөв барин, үсгээ зөв холбож чадахгүй хүүхэд ч олон. Мөн хичээлийн хоцрогдлоос дутуугүй санаа зовоож буй асуудал бол хүүхдүүд нийгэмшиж, хамт олонтойгоо найзалж, нийцэж чадахаа больжээ. Нэгнээсээ дөлсөн, муухай харилцсан, уур уцаартай нь олон байна. Миний хувьд хэлэхэд, хоёрдугаар улирлаас 100 хувь танхимаар хичээллэсэн нь хэн хэндээ амар, үр дүнтэй байх” гэлээ. Хичээлийн хоцрогдлоос илүүтэй сурагчдынхаа хүмүүжил, зан төлөвийн доголдолд, нийгэмших асуудалд санаа чилээж буйгаа давтан хэлсэн Ж.Отгонхүүхэн багшийн өмссөн резинэн бээлий битүүдээ хөлөрч, ус даасан харагдсан.
40 дүгээр сургуулийн дунд, ахлах ангийн сургалтын менежер О.Гансүх мөн л сурагчид нь хичээлийн хоцрогдолтой, багш нарынх нь ачаалал дийлдэхгүй байгаа талаар дурдлаа. Тэрбээр “Улсын сургуулийн анги бүрт олон хүүхэд суралцдаг учраас хоёр хуваагдаж хичээллээд ч нэг багшид 25-30 сурагч ногдож буй. 08.00-17.00 цагт гуч, гучин хүүхдэд нэг хичээлийг хоёр удаа заана. Ингээд нэг долоо хоног өнгөрсний дараа өглөө, өдөр цахим хичээлээ мөн хоёр удаа орно. Гэлээ гээд эцэг, эхчүүд нь хариуцлагатай байж, онлайнаар хичээллэх хүүхдүүддээ туслан, сурлагыг нь сайжруулахад анхаарсан юм алга. Ер нь хүүхдийнхээ сурлага, хүмүүжлийг багшид даатгаж орхидог уламжлалт хандлага буурахгүй байна. Саяхан Боловсрол, шинжлэх ухааны яамнаас улсын хэмжээнд бүх сурагчийн хоцрогдлыг үнэлэх, түвшнийг нь тогтоох шалгалт авсан. Дүн нь хараахан гараагүй. Мэдээж олонх хүүхэд бараг бүх хичээлээр нэлээн хоцрогдолтой дүгнэгдэх байх. Энэ хичээлийн жилийн эхний улиралд сурагчдын хоцрогдлыг арилган, хоёр жил завсардсан хичээлийг нөхөх, түвшин ахиулах зорилтыг салбарын яамнаас тавьсан. Үүний дагуу л бүх сургууль, багш нар ажиллаж буй. Ер нь наймдугаар ангийн хүүхэд долоогийн хичээлээ бататган үзээд, энэ жил эзэмшвэл зохих мэдлэгийнхээ суурийг аваад л төгсөх болов уу. Хоцрогдол их байна” гэлээ.
Улсын сургуульд хүүхдүүд нь суралцдаг эцэг, эхчүүд, сурагчид цахим хичээлээ бүрэн ойлгож, сурлагынх нь чанар ахиж буйд эргэл зэх нь олон байна. Сурагчдыг аль болох танхимд суулгаж хичээллүүлбэл үр дүнтэйг ам нэгтэй хэлж байна билээ. Чингэлтэй дүүргийн 23 дугаар сургуулийн зургадугаар ангийн сурагчийн ээж С.Эрдэнэтөгс “Миний хүү сурлага сайтай, тэргүүний сурагчдын нэг. Гэтэл хоёр жил гэртээ “суугаад” нэлээд хоцорлоо. Чухал гэж тооцдог орос, англи хэл, математикийн хичээлийг нь аав, бид хоёр нь үнэндээ давтуулж, ойлгуулж чадсангүй. Цахим хичээлээ өөрөө л бие дааж үзэн, даалгавраа хийдэг. Утсаа байнга ширтсэнээс нүд нь ч өвдсөн. Мөн байсхийгээд утас шүүрч авч тоглох гэдэг муу зуршилтай боллоо. Энэ улирлыг дуусгаад гэрийн багш авч өгөхөөр тохирсон. Сард 200 000 төгрөг төлж тоо, орос хэлний хичээлийнх нь хоцрогдлыг нөхөх, илүү сайжруулах багш олсон” гэв.
Сүхбаатар дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Сэлбэ” сургууль энэ хичээлийн жил эхэлсэн үеэс л танхимаар хичээллэж буй аж. Тус сургуулийн аравдугаар ангийн сурагчийн ээж Ц.Уранчимэг ийн ярьсан юм. Тэрбээр “Сэлбэ сургуулийн төлбөр өндөр. Тэр хэрээр сурагчдадаа ч өндөр шаардлага тавин, сайн анхаардаг. Охин маань есдүгээр ангийн хичээлээ бүрэн нөхөөд, аравдугаар ангийнхыгаа төлөвлөгөөний дагуу үзэж буй юм билээ. Англи хэлэндээ ч тун сайн. Надад одоогоор санаа зовох зүйл алга, хүүхдээ сургуульд нь даатгаад өгчихсөн гэх үү дээ” хэмээв. Түүнчлэн Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Номт наран” сургууль есдүгээр сараас л 100 хувь танхимаар хичээллэсэн юм байна. Тус сургуулиас багш, сурагчид коронавирусийн халдвар авсан ч өөрсдийгөө тусгаарлан гэртээ эмчлүүлнэ, 10 хоногийн дараа хичээлдээ ирэх журам гаргажээ. Тиймээс нийтээрээ хичээл завсардах, цахим хичээл үзэх нөхцөл үүсээгүй гэсэн. 3б бүлгийн сурагч А.Сарааны ээж Ч.Алтанцэцэг “Манайх тавдугаар ангийн хүү, гуравдугаар ангид сурдаг охинтой. Том нь улсын сургуульд, бага нь “Номт наран”-д сурч буй. Хүү маань 60 гаруй хүүхэдтэй ангид хичээллэдэг бөгөөд өдгөө хоёр хуваагдаад ч 30-уул нэг танхимд суудаг. Мөн долоо долоо хоногоор ээлжлэн цахим, танхимаар хичээллэдэг. Сурлагынх нь чанар мэдээж муудсан. Харин хувийн сургууль амар юм. Нэгдүгээрт, байнга танхимдаа хичээллэн, хичээлийг нь сайн давтуулдаг. Хоёрдугаарт, нэг ангид суралцах хүүхдийн тоо цөөн учраас багш нар нь хүрч ажилладаг, сэтгэл гаргадаг. Манайх хүүгээ тавдугаар ангийг нь төгсгөөд хувийн сургуульд оруулах төлөвлөгөөтэй. Төлбөр багагүй болохоор хоёр хүүхэд сургахад багадаа 15 сая төгрөг зарцуулах болов уу, гэсэн ч хичээнэ дээ” гэлээ.
Улсын хэмжээнд 2020-2021 оны хичээлийн жилд төр, хувийн хэвшлийн нийт 839 сургуульд 686 000 хүүхэд суралцаж буй. Мөн 54 498 багш, ажилтан ажиллаж байгаа юм. Цар тахлын улмаас төрийн өмчийн сургуулиуд өнгөрсөн есдүгээр сараас л тав, ес буюу таван өдөр танхимд хичээллэн, есөд нь гэртээ амрахын зэрэгцээ онлайнаар хичээллэх журам хэрэгжүүлж байгаа. Дээр дурдсанаас гадна цөөнгүй эцэг, эх, багш цахимаар хичээллэх нь багшид ч ачаалалтай, сурлагын чанарт ч хор нөлөөтэйг хэлж байв. Түүнчлэн зайнаас хичээллэснээр хоцрогдол үүсгэхээс гадна хүүхдүүд нийгэмших чадваргүй, идэвх султай, эелдэг бус, зожиг, зурагт, утаснаас хамааралтай болж улмаар биеийн жин нь ч хэт нэмэгдэх төлөв үүсжээ. Харин хувийн хэвшлийн сургуулийн ихэнх нь 100 хувь танхимд хичээллэн, цөөн хүүхэдтэйгээ тулж ажиллан, сурлагын хоцрогдлыг нь багасган, хөгжүүлж буй жишээ олон аж. Одоогоор ерөнхийдөө хичээлийн хоцрогдолтой хүүхдүүд, халширсан багш нар, халгасан эцэг, эхчүүд л олон байна.