Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид сурлагаар хэр хоцорсныг одоо болтол тогтоогоогүй байна. БШУЯ-наас “Сурагчдын сурлагын хоцрогдлыг оношлох” гэсэн судалгааг улсын хэмжээнд явуулж буй. Дүнг нь энэ сарын 8-ны өдөр гэхэд нэгтгэж дуусгана гэж байсан ч зарим сургуулийнхны хүсэлтээр уг ажлыг долоо хоног сунгаад буй юм билээ. Сургуулиудад сурагчдаас шалгалт авч дууссан бөгөөд дүнг нь аймаг, дүүргийн Боловсролын хэлтэс рүү илгээж байгаа. Эцэст нь Боловсролын үнэлгээний төвд нэгтгэх учиртай. Одоогоор дөрвөн аймгийнхан л тус төвд мэдээллээ ирүүлжээ.
Уг судалгааг өнгөрсөн есдүгээр сард багш нараас асуулгад хариу авах ажлаар эхлүүлсэн юм. Тэгэхэд багш нарын дунд “Бас нэг ачаалал нэмлээ. Цаас хэвлэх нь ч төвөгтэй. Бид ядарч байна. Сурлагын хоцрогдол нөхөх, арилгах гурван жилийн төлөвлөгөөгөө баталчихсан байж одоо ийм судалгаа явуулж яах гэсэн юм бол” гэсээр таагүй хүлээж авсан байдаг. Улмаар Багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбоонд ч мэдүүлсэн байсан. Гэсэн ч яамнаас чиглэл болгосны дагуу Боловсролын үнэлгээний төвийнхөн шалгалт авч дуусжээ. Эцэст нь Боловсролын хүрээлэнгийнхэн нийт мэдээллийг шинжилж, цар тахлаас үүдэлтэйгээр сурагчид сурлагаар хэр хоцорсныг тодорхойлох аж.
Хичээлийн жилийн эхний улирал өндөрлөх дөхөж байдаг. Судалгааны үр дүнг хэзээ, юунд хэрэглэх юм бол гэсэн асуулт урган гарч ирж буй юм. Энэхүү судалгааны дүнд үндэслэн сургалтын агуулгын хоцрогдлыг нөхөх, цахим хичээлийн үр дүнг тодорхойлох, багшлахуй ба суралцахуйд дэмжлэг үзүүлэх бодлого, төлөвлөгөө боловсруулах зорилготой хэмээн яамныхан тайлбарласан. Гэхдээ багш нарын хэлсэнчлэн “Хоцрогдол нөхөх, арилгах гурван жилийн төлөвлөгөө”-гөө баталчихсан байж юунд ашиглах гэж байгаа юм бол гэхээр. Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулдаг шиг уг төлөвлөгөөг шинэчлэх юм болов уу.
Юутай ч энэхүү “Оношлох үнэлгээ”-нд ерөнхий боловсролын 2-12 дугаар ангийн суралцагчдаас түүврийн аргаар сонгосон 64 000 орчим сурагчийг хамруулсан бөгөөд улсын хэмжээнд 646 сургуульд зохион байгуулж, давхардсан тоогоор 29 716 хянагч багш, 646 зохион байгуулагч, аймаг, нийслэл, дүүргийн Боловсролын газрын 60 арга зүйчийг дайчилжээ.
Хоёр жил хэрийн хугацаанд зайнаас суралцсан хүүхдүүд сурлагын ямар хэмжээний хоцрогдолтой байгаа вэ. Энэ талаар мэдэх зорилготой уг судалгааны хүрээнд сурагчдаас шалгалт хэрхэн авсан талаар жишээ татаж танилцуулъя. Гуравдугаар ангийн сурагчдаас математик, монгол хэл, “Хүн ба орчин”, дүрслэх урлаг зэрэг зургаан хичээлээр үнэлгээний даалгавар гүйцэтгүүлжээ. Анги удирдсан багшийн ярьж буйгаар сурагчид монгол хэлний хичээлээр өгсөн даалгаврыг нэг их түүртэлгүй давсан бол математик дээр толгой нь нэлээд эргэсэн гэнэ. Мөн “Хүн ба орчин” хичээлийн асуултууд хүндэдсэн байна. Хоёрдугаар ангийн хичээлийн агуулгаа гүйцэд эзэмшээгүй сурагчид асуултаа уншиж ойлгох гэж хугацаа их зарцуулснаас болоод 16 асуултад төдийлөн сайн хариулж чадаагүй гэсэн. Дүрслэх урлагийн хичээлийн тухайд хүүхдүүд гэртээ хэрхэн тоглож байснаа нотлоод өгч. Сурагчид усан будгаар зурах даалгавар биелүүлжээ. Аргачлал бол хуруугаа усанд бага зэрэг норгоод будагт дүрж, гадаргууд зурах талбайгаа бэлдэх ёстой байж л дээ. Тэгтэл олонх нь хуруугаа усанд дүрэхдээ хэтрүүлснээр будаг нь будаг биш болж, орчноо завааруулж орхижээ. Хоёрдугаар ангидаа танхимаар суралцсан бол сурагчид хуруугаа усанд хэрхэн дүрэх тухай бүү хэл, бусад чадварыг ч эзэмшсэн байх ёстой байж. Энэ нь ялимгүй зүйл мэт санагдавч хүүхдийг сургах төдийгүй хүн болгох олон төрлийн арга, аргачлалын нэгээхэн хэсэг нь аж. Гуравдугаар ангийнхан лав дүрслэх урлагийн хичээлээр нэлээд хоцрогдолтой байгааг эндээс харж болохоор.
Сурагчдын сурлагын хоцрогдлыг үнэлэхдээ эхлээд багш нараас судалгаа авсан тухай дээр дурдсан. Тэд асуулгад хариулснаар сурагчид ямар хичээлийн ямар агуулгыг ойлгоогүй вэ гэдгийг тодорхойлсон байна. Багш нарын тухайд сургалтыг теле болон цахимаар явуулахад сурагчид хичээлээс хоцорсон нь эцэг, эхийн анхаарал тааруу, хүүхдүүдтэйгээ тулж ажиллаагүй, гар утас, компьютер эзэмших чадвар муутай зэргээс болж хүүхдүүддээ тусалж чадаагүй гэж үзсэн нь олонх байжээ. Энэ нь “Бүх нийт боловсролын төлөө” иргэний нийгмийн байгууллагын зүгээс хийсэн судалгааны тайланд “Хөл хорионы үед хүүхдэдээ цаг зарцуулах, цахим орчинд ажиллах, техник, технологийн чадвар эцэг, эх, асран хамгаалагчдад хангалтгүй байсан гэж судалгаанд оролцсон багш нарын 80-90 хувь нь үзсэн“ гэж буйтай дүйж байна. Мөн тэдний хийсэн су далгаанаас харахад багш нарын 45.3 хувь нь зайны сургалтын үеэр эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдэдээ “Бага зэрэг” тусалсан, 12 хувь нь “Огт туслаагүй” аж. Бас багш нарын 58 орчим хувь нь эцэг, эхчүүдийн оролцоонд сэтгэл хангалуун бус байсан нь харагдаж буй юм. НҮБ-ын Хүүхдийн сангаас хийсэн судалгааны тайланд “Эцэг, эхчүүдийн 89 хувь нь мэдээллийн сувгаас хамгийн багадаа нэг техник хэрэгсэл ашиглах чадвартай гэсэн бол бусад нь энэ талын мэдлэг, чадвар хангалтгүй гэж хариулсан” байна. Энэ бүхнээс харахад сурагчид зайнаас хичээллэх хугацаанд сурлагын хоцрогдолд орсныг багш нарын олонх нь эцэг, эх, асран хамгаалагч дын буруугаас болсон гэж үзэж буй нь илт. Гэх дээ сурагчид сурлагаар хоцрогдсонд нөлөөлсөн хүчин зүйл нь зөвхөн энэ гэж үзэх нь өрөөсгөл юм. Энэ талаар “Бүх нийт боловсролын төлөө” иргэний нийгмийн байгууллагынхантай санал солилцоход “Сургалт бол хоёр талтай харилцаа. Теле хичээл бол зөвхөн нэг талтай харилцаа байлаа шүү дээ. Хичээл заалгаж байгаа хүүхэд ойлгохгүй байвал багшаасаа, үгүй бол хажуу дахь хүүхдээсээ асуугаад мэдэж авдаг. Телевизээр хичээл заахад ийм боломж олдохгүй юм чинь хүүхэд ойлгоогүй бол тэр чигээрээ үлдэнэ. Өмнөхөө мэдээгүй өнгөрчихөөр дараагийнхыг нь яаж ойлгох билээ. Ийм байдал удаа дараа давтагдахад хэн ч, юу ч ойлгохгүй байсаар хоцрогдол даамжирч ирсэн. Эцэг, эхийн дэмжлэг дутагдах гэдэг нь хоёр янз. Нэг хэсэг нь ажилдаа болоод ч юм уу, хүүхдээ огт анхаарахгүй орхичихдог бол нөгөө хэсэг нь дэмжье, тусалъя гэсэн ч боловсрол, мэдлэг дутахын зовлон бий. Бас хүүхдээс хамаарах нь ч их. Зургаагаас дээш ангийн сурагчид бие дааж хичээллэх чадвартай болсон байдаг. Харин түүнээс бага ангийнхан ийм чадвараар тааруу, заримд нь бүр байхгүй. Энэ мэтчилэн олон хүчин зүйлийн нөлөөгөөр сурагчид сурлагын хоцрогдолд орсон. БШУЯ-наас судалгаа явуулаад дуусах гэж байгаа юм байна. Эндээс их зүйл харагдах байх. Багш нарт бас учир бий. Тухайн багшид зайнаас цахимаар хичээл заах ур чадвар хэр байна гэдгээс маш их зүйл хамаарна. Тэд буруу болгоныг эцэг, эх, асран хамгаалагчид руу чихэж болохгүй” гэж байлаа.
Эцэг, эхчүүдийн санаа бодлыг сонссон юм. Хамт ажилладаг 30 гаруй насны залуу “Манай хүү дөрөвдүгээр ангийн сурагч. Хөл хорионы үед бид хүүхдэдээ хичээлээ хийхэд нь туслаагүй. Түүнээс хойш ч тэр. Теле, цахим хичээлийн аль алиных нь үед өрөөнийх нь хаалгыг хаачихдаг байсан. Чи өөрөө сур. Хоцорвол чамд л хэцүү. Аав, ээж хоёр нь үргэлж тусалж амжихгүй учраас бүхнийг өөрөө мэдээд хий гэдэг байсан. Хүү минь хичээлдээ дуртай, сайн суралцаж байгаа” гэсэн юм. Харин эмэгтэй найз “Хүүхдийн хичээл хийлгэх, давтуулах гэдэг бол багахан хэмжээний дайн л гэсэн үг. Хичээлдээ дургүй, хамт суугаад, заагаад байхад ойлгохгүй нь зовлонтой. Зааж өгөөд байхаар сүүлдээ хийж буйдаа анхаарахгүй “Хэн хэлж өгөх бол” гэсэн шиг ийш тийш сортолздог болчихсон. Ер нь хүүхэдтэй зууралдаад байх дэмий юм уу гэж бодоод, гэрээр хичээл давтуулдаг багш хөлсөлсөн. Тэгэхэд хийснээ багшдаа үзүүлээд сайн дүн авчихаж байгаа юм. Харин өөрт нь юм үлдэхээр тааруу юм шиг санагдсан” хэмээн ярьж байлаа.
Цар тахлын үед хоёр жил шахам зайнаас суралцсан сурагчдын өнөөгийн байдал ийм байна. БШУЯ сурлагын хоцрогдол арилгах, нөхөх гурван жилийн төлөвлөгөө батлаад хэрэгжүүлж эхэлснээс хойш хийж буй “Сурагчдын сурлагын хоцрогдлыг оношлох” судалгааны үр дүн чухам юу хэлэх бол. Хүлээгдэж буй үр дүнд үндэслэн гурван жилийн төлөвлөгөөгөө өөрчлөх үү.
Хүн хүч, хөрөнгө зарж хийсэн судалгааг ямартай ч ашиглах л гэж оролдох байх даа.