Улаанбаатарт өчигдөр агаарын температур зургаан градус байсан нь олон жилийн дунджийг давсан, үнэмлэхүй үзүүлэлт болсныг Цаг уур, орчны шинжилгээний газар (ЦУОШГ)-аас мэдээлэв. Одоогоос 50 жилийн өмнө буюу 1971 оны эл өдөр агаарын температур таван градус байсан нь цаг уурын түүхэн дэх арваннэгдүгээр сарын 15-ны үнэмлэхүй их үзүүлэлт болж байж. Харин өчигдөр энэ үзүүлэлт нэг градусаар дээшилжээ. Өөрөөр хэлбэл, арваннэгдүгээр сарын 15-ны өдрүүдээс хамгийн дулаахан нь өчигдөр тохиолоо. Энэ жилийн арав, арваннэгдүгээр сард Монголд цаг агаар харьцангуй дулаан, тогтвортой, цас багатай байгааг мэргэжилтнүүд дэлхийн дулааралтай холбон тайлбарласаар буй. Харин Дэлхийн цаг уурын байгууллага “2021-2022 оны өвөл Азийн ихэнх бүсэд хахир өвөл тохиож, агаарын температур олон жилийн үнэмлэхүй үзүүлэлтүүдийг давах төлөвтэй” гэж мэдээлсэн. Дулаахан, налгар өдрүүд удаан үргэлжлэхгүй нь тодорхой болов. ЦУОШГ-аас мэдээлснээр энэ сарын 20-нд Монгол орны баруун хагаст, цаашлаад дийлэнх нутагт хур тунадас их орж, цас болон шороогоор шуурч, хүйтрэх төлөвтэй гэнэ.