Тэгвэл таваар мөнгөний арилжаа буюу худалдааны салбарт удам угсаагаараа үе дамжин ажиллаж, амьдарч байгаа ховорхон хувь тавилантай нэгэн бүсгүйн тухай уншигч таны сонорт хүргэхийг зорилоо. Энэ бол Төв аймгийн Угтаалцайдам сумын уугуул Алтан ургийн үе дамжсан тайж, Цагаан адуут тайжийнхан овогт Наянтайн ач охин “Гурван гал групп”-ийн худалдаа, үйлчилгээ эрхэлсэн дэд захирал Базаргарьд овогтой Сожилмаа билээ. Б.Сожилмаад Монгол Улсын түүхэн хөгжлийн аль ч засаг, төрийн өнгөнд худалдаачин удмаараа гайхагдах ховорхон хувь тавилан заяажээ. Хэдэн төрийн нүүрэнд худалдаачин байсан түүний удам угсаатай зөвхөн худалдаачин байсан зарим ажил үйлсийнх нь талаар товч танилцуулъя. Өвөг эцэг Наянтай тайж Богд хаант засгийн үед хойд хилээс Их хүрээ хүртэл элдэв ачаа бараа зөөж, ард түмнийг хэрэгцээт бараа товарын үйлчилгээгээр нь хангахаар жин тээдэг жинчин худалдаачин байсан гэдэг. Наянтай тайж Алтан ургийн хамжлагат тайж байсан бөгөөд хамжлага нараа зохион байгуулан үхэр тэргээр хойд хилээр орж ирсэн барааг Их хүрээнд хргэхдээ үхрээ зүс зсээр нь ижилсүүлэн тэргэнд хөллөн арав арваар нь цуваа болгон, 3-4 цуваа хар, цоохор, улаан, бөөр алаг гэх мэт үхэр хөллөсөн жинчид явах нь энэ цагийн галт тэрэг шиг, эрт цагийн могойн чуулга шиг харагддаг гэсэн домог яриа үр хүүхдүүдэд нь ам дамжин хадгалагдан үлджээ. Бүр акедимч Ш.Бира гуайн аав “Панз” хэмээх Шагдартай аяны дөрөө харшуулан мөр зэрэгцэн тэмээн жинг тэмтчүүлэн тэрэгний дугуйг эмтчүүлэн харанхуй шөнөөр “харчин” хийж ардын армийн барааг хүргэж байсан аман яриа ч бий. Их хүрээний зах зээлд түлээ мод, мал, мах, сүү, цагаан идээний худалдаа арилжаа хийж байсан нь тодорхой байдаг. Тэгвэл түүний хүү Базаргарьд цэргийн албанаас халагдаж очоод Угтаалцайдам сумын IV багийн дарга, агент зэрэг албан ажил хашиж байгаад Улаанбаатар хотод 1950-иад оны эхээр шилжин ирж, хүнсний IV дэлгүүрийн ачигч, нярав эрхлэгчээр өндөр насны амралтад суутлаа ажиллаж байсан бөгөөд Монгол Улсын ардын засгийн үеийн худалдааны салбарын 90 жилийн ойн хүндэтгэлийн хэн самбарт түүний зураг залагдаж байжээ. Базаргарьдын Сожилмаа өөрөө Анагаах ухааны дунд сургуулийг эм найруулагч мэргэжлээр 1971 онд төгсөж, Сүхбаатар аймагт очоод ажлынхаа анхны гарааг эм худалдан борлуулагчаас эхлэн, улмаар Улаанбаатар хотын худалдааны III конторын 26 дугаар дэлгүүрт худалдагч кассчинаар ажиллажээ. Энэ хугацаандаа МУИС-ийн орой эчнээ салбарын худалдааны эдийн засгийн ангид элсэн суралцаж худалдааны эдийн засгийн мэргэжил эзэмшсэн юм. Төгсөөд ОТҮ-т мэргэжлийн чиглэлээр ажиллахаар шилжин очиж техник, тоног төхөөрөмжийн тооцоологч, норм норматив зохиогч, илүүдэл материал худалдан борлуулагч зэрэг худалдаа, үйлчилгээний ажил эрхэлж байгаад хувийн хэвшлийн аж ахуй эрхлэхээр 1997 оноос “Морины хишиг” ХХК, “Гурван гал трейд” ХХК зэрэг хувийн хэвшлийн аж ахуйг гэр бүл, үр хүүхдүүдийн хамтаар байгуулан гадаад дотооддоо худалдаа эрхэлж, эдгээр аж ахуйн худалдаа, үйлчилгээ эрхэлсэн дэд захирлаар ажиллажээ. Эдгээр аж ахуйн нэгжийн удирдах бүрэлдэхүүнд орж ажиллахдаа хөдөлмөрчдөд соёлтой үйлчлэх зарчмыг эрхэм болгож, бага хугацаанд олон тооны барааг борлуулж, хямд үнээр хөдлмөрчдөд хөнгөн шуурхай үйлчлэх эрхэм зорилго тавин ажилласнаар III хороололд “Шарга”, “Норд” дэлгүүрийг өөрсдийн хүч хөрөнгөөр бүтээн байгуулж улмаар Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг дэвсгэрт “Гурван гал” худалдааны төвийн долоон давхар барилгыг, мөн “Гурван гал” эмнэлгийн найман давхар барилгыг бас л өрсдийн хүч хөрөнгөөр барьж ашиглалтад оруулсан “Гурван гал”, “10 000 нэрийн бараа”, “Шарга” худалдааны төвийг байгуулан 500 гаруй ажлын байр бий болгож худалдаа, үйлчилгээний ажлыг удирдан ажиллахад Б.Сожилмаагийн хүчин чармайлт хэрхэн нөлөөлснийг дүгнэж цэгнэж баршгүй. Б.Сожилмаа ажилласаар аж ахуйн нэгжүүд нь улам хүчирхэгжсээр “Гурван гал мед”, “Морины хишиг”, “Гурван гал” эмнэлэг, “Анар арвижих“, “Хаан фарма”, “Жи Жи ритэйл”, “Жи Жи гросерис” гэх мэт 10 шахам охин компанитай “Гурван гал групп” болтол хөгжин бэхэжжээ. Б.Сожилмаагийн нөхөр Ц.Ганхуяг “Морины хишиг” ХХК-ийн захирал, “Гурван гал групп”-ийн Удирдах зөвлөлийн даргаар ажилладаг. Хүү Г.Лхагвасүрэн ”Гурван гал групп”-ийн ерөнхийлөгч, охин Г.Пүрэвсүрэн “Гурван гал” эмнэлгийн ерөнхий захирал, ач охин Л.Пүрэвсүрэн нөхөр С.Ерөөлтийн хамтаар “Жи Жи ритэйл”, “Жи Жи гросерис” зэрэг компанийг байгуулж, олон улсын түвшинд онлайн худалдаа эрхлэн Улаанбаатар хот болон хөдөө аймгуудад худалдаа, үйлчилгээний 20-иод салбар дэлгүүр байгуулан, олон улсын 1000 гаруй нэрийн брэнд бараа, бүтээгдэхүүнээр Монголын ард түмэнд үйлчилж байна. С.Ерөөлт, Л.Пүрэвсүрэн нар Цагаан адуут тайжийнхны Наянтай тайжийн тав дахь үеийн худалдаачид билээ. Эдгээр компанийн худалдаа, үйлчилгээг Б.Сожилмаа эрхлэн зааж зөвлөж ажилладаг. Ийнхүү “Гурван гал”-ынхан өрх гэр, ам бүл, удам угсаагаараа эрт дээр үеэс уламжлагдаж ирсэн хот айлын амьжиргааны соёлын өвийг өнөөгийн худалдааны салбарт ч үе дамжин хадгалж ажилласаар байна. Ц.Ганхуяг Б.Сожилмаа нар үр хүүхдүүдийнхээ хамтаар зөвхөн өөрийн гал голомтоос “Гурван гал”, “Морины хишиг” хэмээх компани байгуулж худалдаа, үйлчилгээ эрхлэн “Гурван гал групп” болтол хөгжүүлсэн нь Монгол Улсын нэгэн өрх гэр бүл хэрхэн юу бүтээж болохыг илэрхийлэх үлгэр дуурайл юм. Энэ үйлсийг бүтээхэд “Гурван гал групп”-ийн худалдаа, үйлчилгээ эрхэлсэн дэд захирал Б.Сожилмаагийн удирдан зохион байгуулах ажлын үр дүн хэрхэн нөлөөлснийг үгээр хэлж үзгээр сийлж баршгүй. Харин дүрсээр зарим хэсгийг харуулбал та ойлгох биз ээ. Тэгвэл одоо Б.Сожилмаагийн аж амьдрал, ажил үйлсийн талаар товч сонордуулъя. Тэрбээр бага балчирхан наснаасаа л аминдаа арчаатай ч юм шиг, алиа хошин, аль эсвэл адайрдуухан зантай ч юм шиг охин байсан гэдэг. Бараг л 4-5 нас хүртэл нэхий өлгийд өлгийдүүлж унтдаг, уяатай байдаг хүүхэд байсан гэнэ. Томчууд орж ирээд тохуурхаж уяаг нь тавья гэхээр “Үгүй, үхэр мөргөнө” гэдэг, орой унтахаа болохоор нэхий өлгийгөө тэвэрч ирээд эмээгээрээ галд ээлгэж дулаацуулчихаад өлгийдүүлж унтдаг. Ийм л аминдаа арчаатай ч юм шиг, алиа хошин зантай балчирхан охин байсан гэнэ. Түүний энэ зан авир өсөж торнихдоо ч хадгалагдсаар өнөөдөр ч ажил үйлсэд нь ажиглагдсаар байдаг бололтой. Тэрбээр “Ажил хийвэл дуустал давс хийвэл уустал” хэмээх зарчмыг баримталж ажилладаг ажилч хичээнгүй шулуун шударга зантай үе дамжсан хдалдаачин бүсгүй. Б.Сожилмаагийн өсвөр насанд дүү нараа өсгөх унд хоолыг нь бэлтгэх угааж арчих арчлах гээд сурахын хажуугаар гэр ахуйн нөр их ажил тулгарч, аав, ээждээ туслахыг эрхэм болгосон, тэдний “алтан охин” байсан гэнэ. Учир нь аав ээж нь хоёул ажилтай, өглөө гараад, орой ирнэ. Энэ хугацаанд бяцхан охин Сожилмаа л 2-3-хан насны зөрүүтэй дүү нараа бөөцийлнө. Тэр айлын гэр ахуйн бүх л ажлыг сурагч охин Сожилмаа амжуулна. Тиймээс түүнд хичээл номдоо зарцуулах цаг багашуухан байсан болохоор тэр биз, сурлагаар гайхагдахаар сурагч байсангүй. Жирийн л “алтан дундаж” сурагч байжээ. Харин ой тогтоолт сайтай, сэтгэн бодох чадвар хурдан, мэдрэмжтэй охин байсан гэнэ. Түүний энэ чадвар нь одоо ч амьдрал ахуй, ажил үйлсэд нь ажиглагдсаар байдаг. Тэрбээр Д.Пүрэвдоржийн “Хөх даалимбан тэрлэг”, “Сэгс цагаан богд” О.Дашбалбарын “Амьддаа бие биеэ хайрла” зэрэг Монголын олон зохиолч, яруу найрагчдын ахуйн болон философи сэтгэлгээний уран бүтээлийг амралт, аялал жуулчлалаар явахдаа цээжээр уншиж байдаг гэнэ. Эдүгээгээс хагас зуу гаруй жилийн өмнө бараг л нэгэн бүтэн жарны тэртээ сургуулийнхаа амралтаар 18 дугаар гуанзанд ажил хийж аав, ээжийнхээ амьдрал ахуйд тусалж байхдаа МУИС-ийн цахилгааны инженерийн ангийн “Сүх баатарын нэрэмжит” цалинт оюутан ах Ц.Ганхуягийн билгийн мэлмийд тусаж оюутан ахуй насандаа энэ айлын гал голомтын ган тулганд амьдралынхаа анхны галыг нь бадраажээ. Б.Сожилмаа Анагаах ухааны дунд сургуулийн эм найруулагчийн ангийг төгсөж Сүхбаатар аймагт очоод ажил амьдралынхаа гарааг “эмийн худалдагч”-аар эхэлсэн. Тэгвэл Б.Сожилмаагийн анхны асаасан гал голомт, ажил үйлс, амьдрал ахуй нь өнөөдөр ч бадран бадарсаар байна. Б.Сожилмаа асаасан гал голомт, ажил мэргэжилээ бурханчлан шүтэж дээдэлж явдаг билээ. Тиймээс ардын ардчилсан төр төвхнөж эхлэх энэ үед “Гурван гал трейд”, “Морины хишиг” компанийг зөвхөн өөрийн гал голомтоос хань нөхөр, үр хүүхдүүдийн хамтаар байгуулж, гадаад, дотоодын худалдаа, үйлчилгээ эрхлэн ажилласан нь 10 орчим охин компани бүхий “Гурван гал групп” болтлоо өсөн бэхэжжээ. Компанийн нь нэр хүртэл гал голомт, ам бүл, айл өрхийн бэлгэдэл бүхий агуулгатай. “Гурван гал” гэдэг нь гурван айлын гал голомт ажил үйлс галын дөл шиг мандан бадарч байхын бэлгэдэлтэй гэнэ. Тус группийн харъяа компаниудын худалдаа, үйлчилгээний ажлыг Б.Сожилмаа л удирдан заавар зөвлөгөө өгч ажиллан ердийн нэгэн өрх гэрийн компаниудыг Монгол Улсын боломжийн худалдаа, үйлчилгээний групп компани болтол хөгжүүлж чаджээ. Б.Сожилмаагийн энэхүү ажил үйлсийн үр дүнг тр, засгаас өндрөөр үнэлж МҮХАҮТ-ын “Шилдэг бизнесмен эмэгтэй”-гээр шалгарч байсан ба “Худалдаа аж үйлдвэрийн тэргүүний ажилтан” цол тэмдэг, “Алтангадас”, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор удаа дараалан шагнагдаж байсан юм. Ийнхүү асаасан гал голомтоо, ажил мэргэжлээ, ач үрсээ “түлсэн галынхаа дөл шиг төөнөж дандаа бадрааж” яваа Монгол Улсын худалдааны салбарын түүхэн хөгжлийн сүүлийн 100 жилийн 50 гаруй жилд нь худалдаа, үйлчилгээний хүрээнд ажиллахдаа 30 гаруй жилд нь хувийн хэвшлийн худалдаа үйлчилгээнд зүтгэж буй нэгэн бол таван үе дамжсан худалдаачин “Гурван гал групп”-ын худалдаа, үйлчилгээ эрхэлсэн дэд захирал Б.Сожилмаа билээ. Төв аймгийн Угтаалцайдам сумын харьяат, Алтан ургийн тайж, ардын засгийн өмнөх үед ч жинчин худалдаачин байсан Наянтайн ач охин, Улаанбаатар хотын II конторын IV дэлгүүрийн нярав эрхлэгч Д.Базаргарьд худалдагч Д.Цэгмэд нарын охин, “Гурван гал групп”-ийн Удирдах зөвлөлийн дарга Ц.Ганхуягийн гэргий, худалдаа, үйлчилгээний ”Гурван гал групп”-ийн ерөнхийлөгч Г.Лхагвасүрэн “Гурван гал” эмнэлгийн ерөнхий захирал Г.Пүрэвсүрэн нарын ээж, “Жи Жи ритэйл”, “Жи Жи гросерис” компанийн захирал Л.Пүрэвсүрэн, С.Ерөөлт нарын авга буюу. “Удам дамжсан худалдаачин бүсгүй” хэмээхийн утга учир энэ нэгэн удмынхан таван үеэрээ Монгол Улсын худалдааны салбарт амжилттай ажиллаж, амьдарч буйд орших сон билээ.
Сэтгүүлч Л.Сонинхүү