Өвлийн аялал жуулчлалыг сэргээх үүднээс “Талын түмэн адуу” уламжлалт арга хэмжээг энэ сарын 19-21-нд Хэнтий аймгийн Батноров сумд зохион байгуулах болжээ. Эл арга хэмжээ нь морьтны өв соёл, ёс уламжлалыг залууст өвлүүлэх, адууг уналга, эдэлгээнд тогтмол ашиглах, монгол бахархлыг төрүүлэх зорилготой. Долоо дахь жилдээ болох уг арга хэмжээнд 2000 гаруй хүлэг оролцуулж, адуутай холбоотой үнэт эдлэлийн дуудлага худалдаа, гэр музейн үзэсгэлэн, тэмцээн, урлагийн тоглолт хүргэх аж. Ташрамд дурдахад, манай улсад өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх үүднээс “Хөх сувд” мөсний баяр, “Түмэн тэмээний баяр”, “Нүүдэлчдийн баяр” зэрэг арга хэмжээг зохион байгуулдаг. Мөн уламжлалт “Бүргэдийн баяр”-ыг ирэх сарын 4-5-нд Баян-Өлгий аймагт зохион байгуулна.
Бэлтгэсэн А.Хангал