Дэвшилт технологи, инновацын бүтээгдэхүүн, старт-ап бизнесийн өлгий гэгддэг байсан БНСУ өдгөө мэдээллийн технологийн хөгжлөөр Израилын ард жагсах болжээ. Шалтгаан нь хандлагын зөрүүтэй байдал. Израилын технологийн үндэсний төвийн мэдээллээр тухайн улсад туршиж, хэрэгжүүлж буй шинэ төсөл, хөтөлбөрийн тэн хагас нь бүтэлгүйтдэг гэнэ. Жилд дунджаар шинэ санаа, инновацын шийдэл бүхий 6000 орчим төсөл уналт, мухардлаар төгсдөг. Тэд энэ бүхнээ олон нийтэд нээлттэй мэдээлж, алдаагаа хэрхэн засах гарц, шийдлийг эрэлхийлдэг байна. Харин солонгосчууд эсрэгээрээ алдаа, мухардлаа тас нуудаг. Байр сууриа алдах вий, хожмын үйл ажиллагаанд нь саад болох вий, интернэтийн хөөсрөл хагарах вий гэх их айдас, болгоомжлол Солонгосын технологийн чадамж, өрсөлдөх чадварыг сулруулдаг гол хүчин зүйл болжээ. Энэ бүхнээр юу хэлэхийг зорьсон бэ гэхээр аливаа асуудлыг нуун дарагдуулах нь шийдэл биш, нөхцөл байдлыг доройтуулах шалтгаан болдог аж. Асуудал, бэрхшээлийг шийдье гэвэл алдаагаа хүлээн зөвшөөрч, үнэнтэй нүүр тулахаас аргагүй. Нуух бус, нээлттэй мэдээлэх нь зүйтэй. Үнэнийг хүлээн зөвшөөрч, бодит байдлыг буй чигээр нь үнэлж чадаж гэмээнэ тухайн асуудлыг шийдэх гарцыг зөв тодорхойлж, оновчтой арга хэмжээ авна.
Энэ жишээг онцлон дурдсан нь учиртай. Зүүн Азийн өндөр хөгжилтэй орны уруудах (мэдээллийн технологийн салбарын хувьд) шалтгаан болсон алдааг монголчууд алхам тутамдаа гаргасаар байна. Засгийн газар нь хүртэл нэрээ бодсондоо, олон нийтийн шүүмжлэлээс болгоомжилсондоо бодит байдлыг төөрөгдүүлдэг, болж бүтэж буй гэсэн “мессеж” өгөхийг эрмэлздэг уламжлал тогтсон. Төрийн шат шатны байгууллагууд нь гаргасан алдаа, дутагдлаа хүлээн зөвшөөрдөггүй, хариуцлагагүй байдлаа хаацайлаад өнгөрөх нь элбэг. Үүний уршгаар ужгирч даамжирсан үй олон асуудлуудын нэг нь малын өвчлөл.
Цагтаа манай улсын эдийн засгийн тулгуур салбарын нэг гэгдэж, дотоодын нийт бүтээгдэхүүний 70 орчим (өдгөө 10 гаруйхан) хувийг бүрдүүлдэг байсан хөдөө аж ахуйн салбар улам доройтсоор. Салбарын орлого, хүний нөөц, ажиллагсдынх нь үнэлэмж эрс багасаж, мал сүргээс нь халдварт, гоц халдварт өвчин салахаа байлаа. Ялангуяа мал, амьтны халдварт өвчний А ангилалд багтдаг, хөвдний түймэр шиг богино хугацаанд хурдан тархдаг, олон улсын худалдааны хорио цээрт өвчин малчдыг өөдлүүлэхээ байв. Яг одоогийн байдлаар гэхэд 14 аймгийн 76 сумд шүлхийн 120, зургаан аймгийн 18 сумд мялзан өвчний 36 голомт байна. Гурван аймгийн дөрвөн сумд цэцэг өвчний голомт бүртгэгдлээ. Манай улсад энэ жил анх удаа бүртгэгдсэн үхрийн арьс товруутах өвчин таван аймгийн 19 сумд гарсан бөгөөд голомттой цэгийн тоо 60 дөхжээ. Үндсэндээ энэ оны хавраас хойш бараг бүх аймагт малын гоц халдварт өвчин бүртгэгдсэн гэсэн үг.
Эдгээр өвчин ямар замаар халдварладаг нь тодорхой. Түүнчлэн өвчлөлтэй тэмцэхэд жил бүр тэрбум тэрбумаар хөрөнгө төсөвлөж, өвчин гарсан газруудад хөл хорио тогтоон, голомттой бүсийг тусгаарлаж, ариутгал, халдваргүйжүүлэлт хийгээд байхад аюул яагаад намжихгүй байна вэ гэсэн асуултад монголчууд олон жил хариу эрж буй. Малчид чанаргүй, баталгаагүй вакцинаас үүдэлтэй гэж харддаг. Олон нийт эм, эмийн бүтээгдэхүүний бизнес эрхлэгчдийн ашиг сонирхлоос улбаатай хэмээн буруутгадаг. Салбарын мэргэжилтнүүд нь “Малчдын хариуцлагагүй байдал гол нөлөөтэй” гэж дүгнэдэг. Харин эл асуудлыг хариуцан хамаарах байгууллага, албан тушаалтнууд харьцангуй нэр цэвэр үлддэг. Алс хөдөөд буй малчны хотонд халдварт өвчин гарсанд албан тасалгаандаа суугаа дарга, мэргэжилтнүүд буруугүй гэсэн байр сууриас хандаж ирсэн. Гэвч ачир дээрээ төрийн албан тушаалтнуудын нэр цэвэр байх, асуудлыг өөрсдөөсөө холдуулах, ажил үүргээ өөгүй, сайн гүйцэтгэж байгаа мэт харагдах, хариуцсан чиглэлд нь ямар нэг саад бэрхшээл үгүй юм шиг ойлгуулах гэсэн аминч хандлага малын өвчлөлийг гааруулахад үнэтэй “хувь нэмэр” оруулсаар иржээ. Тухайлбал, энэ гажуудал Мал эмнэлгийн ерөнхий газар, орон нутаг дахь түүний харьяа газар, тасгуудад гаарчээ. Малаа устгуулахгүй, хотоо харлуулахгүй гэсэн малчид л халдварын тохиолдлыг нуун дарагдуулдаг гэж олон нийт ойлгодог. Гэтэл тухайн орон нутагт хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөр (ихэвчлэн хөдөө аж ахуйн), аймаг, сумын удирдлагын хариуцлага, нэр хүнд, малын эмч нарын ажлын гүйцэтгэл, чадамж, олон нийтийн зүгээс ирэх шүүмжлэл, төрөл садан, танил талаа харж үзэх зэргээс үүдээд төрийн байгууллагынхан энэ төрлийн мэдээллийг нуун дарагдуулах нь түгээмэл гэнэ. Сумын Мал эмнэлгийн тасаг, аймгийн Мал эмнэлгийн газар, цаашлаад эдгээрийг зангиддаг Мал эмнэлгийн ерөнхий газар хүртэл энэ “маапаан”-д оролцдог байна. Шүлхийн өвчлөлийн талаар мэдээлэл авахаар нэгэн аймгийн Засаг даргатай холбогдоход “Энэ талаар нэг их сүржин мэдээлээд хэрэггүй. Аймагт хэрэгжүүлэхээр төлөвлөж буй том төслийн хувь заяатай холбоотой” хэмээн хэлэх үггүй болгож байв. Ийм тохиолдол ганцаар тогтохгүй аж.
Хамгийн ойрын жишээ дурдахад, Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга “Сүүлийн хоёр жилд малын гоц халдварт өвчин бүртгэгдээгүй” гэдэг мэдээллийг салбар яам, Засгийн газрын гишүүдэд саяхныг хүртэл өгсөөр иржээ. Энэ оны дөрөвдүгээр сард Сүхбаатар аймагт шүлхий дэгдсэн атал эрхэм дарга үүнээс нэг сарын дараа хэвлэлд ярилцлага өгөхдөө “2019 онд нийт малын 91.5 хувийг урьдчилсан үзлэгт хамруулахад 0.01-1.2 хувь нь шимэгчтэх болон халдваргүй өвчтэй гэж гарсан. Энэ нь манай улсын мал харьцангуй эрүүл гэдгийг харуулж байна. Мөн 2019 оноос хойш гоц халдварт өвчин гараагүй, тайван байв” гэжээ. Үүнээс монгол дарга нарын үргэлж сайн сайхан, болж бүтэж буй зүйл ярьдаг, үнэнийг, бодит байдлыг төөрөгдүүлдэг өнөөх муухай хандлага тодоос тод “цухалзаж” байна. Гэтэл салбарын сайд нь Монгол Улс малын гоц халдварт өвчинд бүрэн дарлагдсаныг, сүүлийн хоёр жилд харьцангуй тайван байсан гэдэг худал мэдээлэл нөхцөл байдлыг улам дордуулсныг, Мал эмнэлгийн ерөнхий газар, түүний харьяа нэгжүүд бодлого, зохион байгуулалтын алдаа гаргасныг хүлээн зөвшөөрч, Засгийн газрын гишүүдэд танилцуулав.
Манай улс Малын эрүүл мэндийн тухай хуулийг 2017 онд баталсан. Энэ хуулиар бол малын эрүүл мэндийг хамгаалах, халдварт, гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг Мал эмнэлгийн ерөнхий газар хариуцах үүрэг хүлээсэн. Хууль баталсантай холбоотойгоор тус байгууллагын бүтэц, үйл ажиллагааг өргөтгөж, 1200 гаруй хүний бүрэлдэхүүнтэй болгосон. Гэвч энэ байгууллага үндсэн үүргээ хангалттай биелүүлж, чадахгүй байгааг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн шүүмжлэв. Тэрбээр “Халдварын голомттой бүс тэлсээр байна. Хөвсгөл, Булган, Завханаас бусад аймагт малын гоц халдварт өвчин гарлаа. Хөгшчүүд “1964 оны түвшинд хүрлээ” гэх боллоо. Газар дээр нь ажиллаж, нөхцөл байдалтай танилцахад малын эмч нар гар хоосон угтаж байна. Вакцины нөөц дууссан гэх юм. Мал эмнэлгийн ерөнхий газар юу хийж байна вэ. Энэ талаар сэрэмжлүүлэг, мэдээ яагаад түгээхгүй байна вэ. Голомттой бүсүүдийг хяналтад авч, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх ёстой шүү дээ. Ажлаа хийж чадахгүй байгаа бол зохих арга хэмжээ авч, хариуцлага тооцон, чадавхжуулах шаардлагатай” гэснийг З.Мэндсайхан сайд үгүйсгэсэнгүй. “Шат шатны байгууллагынхан хариуцлага алдсан. Мал эмнэлгийн ерөнхий газар малын өвчлөлтэй холбоотой мэдээллийг нуун дарагдуулсан нь үнэн. Өмнөх удирдлагыг ийм шалтгаанаар албан тушаалаас нь түдгэлзүүлсэн. Шаардлагатай тохиолдолд одоогийн албан тушаалтнуудад ч хариуцлага тооцно. Тус байгууллагад шуурхай ажлын хэсэг байгуулсны үр дүнд энэ чиглэлийн мэдээлэл илүү нээлттэй, ил тод болсон” гэв.
ХХААХҮЯ-ны холбогдох асуудал хариуцсан мэргэжилтэн “Мал эмнэлгийн ерөнхий газрын зарим албан тушаалтны ирүүлсэн мэдээлэл, орон нутагт хийсэн тандалт судалгаагаар ийм төрлийн зөрчил (өвчний мэдээллийг нуун дарагдуулах) олон гардгийг тогтоосон. Яамны зүгээс цаашид энэ асуудалд илүү соргог, хянуур хандах бодлого баримталж байна. Тиймээс аймаг, сумын удирдлага, Мал эмнэлгийн тасгийн дарга нарыг хамруулсан хэлэлцүүлэг, зөвлөгөөнийг цахимаар зохион байгуулсан. Эдийн засгийн үр өгөөж, экспортоо бодоод, энэ төрлийн мэдээллийг нуун дарагдуулдаг гэсэн ойлголт иргэдийн дунд байдаг. Улс халдварт өвчний нөхцөл байдлыг нуух бус, мал сүргээ эрүүлжүүлэх, голомттой бүсийг хумих бодлого баримталж байгаа. Харин энэ дундуур малчдын, тухайн орон нутгийн удирдлагын, холбогдох албан тушаалтнуудын эрх ашиг “шургалаад” байна. Энэ асуудлыг ил болгож, алдаа гажуудлыг нь засах ёстой. Хуулиараа бол малын гаралтай бүтээгдэхүүн экспортолдог улс халдварт өвчинтэй холбоотой мэдээллийг дотооддоо төдийгүй хил залгаа, гадаад худалдааны түнш орнууддаа заавал мэдээлэх учиртай” гэсэн юм.
Асуудлыг нуун дарагдуулах нь гарц, шийдэл биш, харин доройтуулах шалтгаан болдгийг халдварт өвчний өнөөгийн нөхцөл байдлаас бүрэн харж болно. Нэгэн даргын “2019 оноос хойш малын гоц халдварт өвчин бүртгэгдээгүй” гэдэг эерэг байр суурьт итгэсэн Засгийн газар вакцинд төсөвлөсөн 5.9 тэрбумыг өнгөрсөн жил 2.9 болтол танажээ. Ингээд вакцинжуулалтыг өргөн хүрээнд, зохих хэмжээнд хийж чадаагүй гэнэ. Малчид өнгөрсөн өвөл “Хаашаа нүүвэл аюулгүй вэ” гэж толгой гашилгаж, сэтгэл чилээлгүй өвс, устай газар барааджээ. Гэвч байгалийн зудаас зугтсан малчид хариуцлагагүйн зудад нэрвэгдэж, олон мянган малаа энэ хавар халдварт өвчинд “булаалгав”. Бодит байдлыг нуух, худал мэдээлэл түгээх хэчнээн аюултайг энэ явдал харууллаа. Ялангуяа монгол хүний амь, амьжиргаа, эрүүл мэндтэй шууд холбоотой малын гоц халдварт өвчний асуудалд хайнга, тоомжиргүй хандах нь үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн үйлдэл мөнөөс мөн билээ.