Үл хөдлөх хөрөнгө эзэмшигч иргэн, хуулийн этгээдээс ирэх оны нэгдүгээр сараас татвар авч эхэлнэ гэсэн. Хаана, юу эзэмшигч, хэдэн төгрөгийн татвар төлөх вэ. Ипотекийн зээлтэй орон сууц, зуслангийн газар болон байшин, офиссын барилга зэргийг эзэмшигчид татвар төлөх үү?
Баянгод дүүргийн XIX хорооны иргэн С.Чоймаа
-Монгол Улсын иргэний хуулийн 84.3-т тодорхойлсон бүх төрлийн үл хөдлөх хөрөнгөд үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулна. Түүнчлэн үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 7.1.2-т заасны дагуу 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс аймаг, сум, нийслэлд амьдарч буй иргэн, хуулийн этгээдийн өмчилж буй хоёр орон сууцыг татвараас чөлөөлөх бол гурав ба түүнээс дээш орон сууцад албан татвар ногдуулахаар шийдвэрлэсэн. Тодруулбал, гурван орон сууц, үл хөдлөх хөрөнгө эзэмшигчтэй иргэн, хуулийн этгээд нэгт нь татвар төлнө гэсэн үг. Татварын хувь хэмжээг хөрөнгийн байршил, зориулалт зэргээс хамаарч тухайн орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тогтоох бөгөөд хөрөнгийн үнэлгээнийх нь 0.6- 2 хувьтай тэнцэх мөнгийг жилд нэг удаа төлөх юм.
(Татварын ерөнхий газрын улсын байцаагч Х.Алтанхүү)