Орон сууцуудын халаалт энэ жил муу байна. Үүний шалтгаан юу вэ?
Сонгинохайрхан дүүргийн иргэн Б.Мөнх-Оргил
-Өнгөрсөн долоо хоногт “ДЦС-3”-ын бэлтгэл зуух доголдсоны улмаас зарим орон сууцын халаалт доголдсон. Гэхдээ дулаан алдагдах нь өөр олон шалтгаантай. Тухайлбал, барилгын чанараас хамаарч хаалга, цонх, шал, ханаар дулаан алдах магадлалтай. Өнгөрсөн долоо хоногт 200 гаруй дуудлагын 70 хувийг угсармал орон сууцад амьдардаг иргэд ирүүлсэн байна. Тиймээс угсармал орон сууцуудыг дулаалах хэрэгтэй. Мөн инженерийн шугам сүлжээг 20 жил тутамд солих шаардлагатай. Жишээлбэл, III, IV хорооллыг 1985 онд ашиглалтад оруулсан, 35 жилийн насжилттай. Доторх шугам сүлжээг нь солих хугацаа 15 жилээр хэтэрчихсэн байна. Иймд тэнд амьдардаг иргэд идэвх санаачилгаараа, нийтийн орон сууцад амьдарч байгаагаа ухамсарлаж, хороолол доторх шугамыг иж бүрнээр нь солиулах шаардлагатай. Гэтэл зарим иргэн нийтийн орон сууцад амьдарч байгаагаа ойлгоддоггүй. Жишээ нь 1-3 дугаар давхрын айл гомдол гаргаж, шугамыг нь солихоос өөр аргагүй боллоо гэж бодъё. Гэтэл есдүгээр давхарт амьдардаг иргэд “Манай халаалт хэвийн байна. Доод давхрын айлынхыг соль” гэдэг. Бүх айл нэг шугам сүлжээнд холбогдсон байдаг. Тиймээс иж бүрнээр нь л солиулчихвал дулаан алдахгүй.
Дулаан түгээлтэд үндсэн хоёр зарчим баримталдаг. Нэгдүгээрт, найдвартай хоёрдугаарт, эдийн засгийн хэмнэлттэй байх ёстой. Найдвартай байх гээд хэт их халааж болохгүй. Эдийн засгийн хэмнэлт хийнэ гээд хэт хөргөж болохгүй. Тэнцвэрийг хадгалах зарчимтай. Иргэд цонх, хаалгаа сайн дулаалаагүй мөн барилгын чанар болон насжилтаас үүссэн дулааны алдагдлыг нөхөх боломжгүй.
Нийслэлийн хэмжээнд орон сууцын зориулалттай 4200 гаруй барилга бий. Үүнээс 2100 гаруй нь манай байгууллагад харьяалагддаг. Үлдсэн нь хувийн орон сууцын конторын харьяанд байдаг. Зарим иргэн манайхыг бүх орон сууцыг хариуцдаг гэж ойлгодог. Иргэд сар бүрийн төлбөр тооцооны хуудаснаасаа аль байгууллагад харьяалагдаж буйгаа нягталж, тухайн газартаа гомдол, саналаа хэлбэл асуудлаа хурдан шийдвэрлүүлэх боломжтой.
Орон сууц, нийтийн аж, ахуйн удирдах газрын Инженерийн бодлого, хяналтын хэлтсийн дарга Ж.Пүрэвжамц