ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн хөхтний экологийн лабораторийн судлаачид Архангай, Завхан аймгийн нутагт орших Тарвагатайн нуруунд хийсэн янгирын тархалтын судалгааны үр дүнг танилцууллаа. Тус газрын Алаг ямаат орчимд янгир тархан идээшлэх боломжтой 799 ам км газар байгаагаас 217 ам км-т нь өдгөө 180 гаруй төрөл зүйл нутаглаж байгааг судалгаагаар тогтоожээ. Тарвагатай болон Отгонтэнгэрийн дархан цаазат газар хооронд янгир тархах, нүүдэллэх боломжтой, амьдрах орчны дарамт бага холбоос нутгийн талбайг 99.6 км гэж үнэлсэн байна. Харин нүүдэллэхэд нэн тохиромжтой, саад тотгор багатай зам нь Халзан бүргэдтэй хүрэх чиглэл гэнэ. Халзан бүргэдтэй уул нь Тарвагатайн нуруунаас урд зүгт, тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн цэсийн гадна, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын нутагт оршдог.
Тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагчид, нутгийн иргэд Алаг ямаат орчмын янгирын сүрэгт зориулж, өвөл, хаварт биотехникийн арга хэмжээ тогтмол зохион байгуулдаг гэнэ. Янгир ундаалдаг уст цэг бүхий хэсэгт таван хошуу мал болон бусад төрлийн зэрлэг амьтан элбэг байдаг нь халдварт өвчин дамжих эрсдэлийг нэмэгдүүлж байна гэж судлаачид дүгнэжээ.