Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар Токиогийн олимп болон паралимпийн наадамд амжилт гаргасан тамирчин, дасгалжуулагч нарт төрийн дээд одон, цол гардуулахаар болсон. Тухайлбал, Токио-2020 зуны олимпын наадмын жүдо бөхийн төрөлд хүрэл медаль хүртсэн Гавьяат тамирчин М.Уранцэцэг, Токио-2020 паралимпын наадмын пауэрлифтингийн төрөлд алтан медаль хүртсэн Э.Содномпилжээ нарт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээж, Хөдөлмөрийн баатарын Алтан соёмбо тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагнав.
Мөн Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Орчин цагийн боловсролын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, спортын салбарт амжилт гаргасан тамирчин, дасгалжуулагч нарт төрийн дээд одон медаль гардууллаа.