Олимпын зөвлөлийн удирдах ажилтны зөвлөгөөн өнөөдөр Монголын Үндэсний олимпын хороонд боллоо. Зөвлөгөөнд БШУ-ны сайд Л.Энх-Амгалан оролцож, Монгол Улсад олимпизмын хөдөлгөөн, олимпын соёл, боловсрол, үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлж, төрт ёс, түүх, соёл, уламжлал, үнэт зүйлсийг өвлөсөн, дэлхийд өрсөлдөхүйц мэдлэг, чадвартай, нийгэм эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах, эрүүл, хариуцлагатай иргэнийг хөгжүүлэхэд Олимпын хороотой хамтран ажиллахаа илэрхийлсэн байна.
Мөн тэрбээр, “2024 оноос суралцагчийн нас, хөгжлийн онцлог, авьяас, сонирхол, хувь хүний болон нийгмийн хэрэгцээ, үндэсний соёл, өв уламжлал, шинжлэх ухаан, технологийн хөгжлийн хандлагад нийцүүлэн ерөнхий боловсролын хөтөлбөр, агуулгыг шинэчлэх бэлтгэлийг хангаж байна. Шинэчлэлийг хийхдээ багш, эрдэмтэн, судлаач, төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодын оролцоог хангасан орон тооны бус боловсролын мэргэжлийн зөвлөл байгуулж ажиллах бөгөөд эрүүл, чийрэг иргэнийг хөгжүүлэх бидний энэ ажилд та бүхний оролцоо чухал болох”-ыг онцлов.
Зөвлөгөөнөөр олимпизм ба олимпын боловсрол, удирдлага, зохион байгуулалтыг шинэчлэх, олимпын соёл, хүмүүжил үнэт зүйлс, олимпын танхимуудын үйл ажиллагааны чанар, үр дүнг нэмэгдүүлэх талаарх хэлэлцүүлэг өрнүүлэв.