Үндэсний бичгээрээ гоёсон Дамдины Сүхбаатарын нэрэмжит улсын 3 дугаар сургуулийн түүхт 100 жилийн ойг сурвалжиллаа.
Ардын Засгийн газрын наймдугаар сарын 14-ны өдрийн шийдвэрээр, тухайн оны 11 дүгээр сарын 2-нд сургуулийн тэнхим байгуулах шийдвэр гарч, Улаанбаатар хотын 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Гуравдугаар сургуулийг байгуулж байв.
Ингэснээр баян, ядуу, харц ард, эрэгтэй, эмэгтэй гэж ялгаварлан сургаж байсан хуучин тогтолцоог халж, шинэ үеийн боловсролын цоо шинэ тогтолцооны үүдийг нээсэн. Хүйсээр үл ялгаварлан боловсрол олгож эхэлсэн нь Монголдоо төдийгүй, Ази тивдээ анхны сургууль болж түүхэнд тэмдэглэгдсэн түүхтэй.
Өдгөө 52 мянга гаруй хүүхдэд эрдэм боловсрол олгоод буй. Одоогийн байдлаар тус сургуульд 2900-аад сурагч сурч байна.
"НҮБ-аас "Монгол бол бүх нийтээр бичиг үсэгтэн болсон үндэстэн юм" гэсэн агуулга бүхий батламжийг 1970 оны 9 дүгээр сарын 8-нд дурсгасан байдаг. Ардын хүүхдийг сургасан анхны сургууль болох Гуравдугаар сургуулийн хамт олонд өнөөдөр БШУ-ны сайд Л.Энх-Амгалан уг батламжийг гардуулав. Тэрбээр хэлэхдээ, "Гуравдугаар сургуулийн өнгөрсөн 100 жилийн түүх бол бичиг үсэгт нэвтэрсэн ололт амжилт байсан бол ирэх 100 жил технологийн бичиг үсэгт нэвтрэх он жилүүд байх болно" гэдгийг БШУ-ны сайд онцлон тэмдэглэв.
Энэ сургуулиас 300 гаруй алдартан төрөн гарсан байдаг. Тухайлбал, Хөдөлмөрийн баатар - 6, Ардын цолтон - 15, Төрийн Соёрхолт - 16, Гавьяат цолтон - 56, Ардын Их хурлын депутат, УИХ-ын гишүүн, сайд - 12, Доктор профессор - 60, Спортын мастер - 103, Хурандаа болон түүнээс дээш цолтон - 28 төрөн гарсан байна.