БШУЯ энэ жил нэг хачирхалтай шийдвэр гаргасан нь гурван нас хүрээгүй хүүхдийг цэцэрлэгт элсүүлэхгүй байх. Салбарын сайд энэхүү шийдвэрийнхээ үндэслэлийг тайлбарлахдаа “Сургуулийн өмнөх буюу таван настай хүүхдүүдийг цэцэрлэгт 100 хувь хамруулах зорилготой” хэмээсэн. Манай улсад цэцэрлэг хүртээмжгүйгээс хүүхдүүд зохих чадвар, боловсрол эзэмшиж чадалгүй ерөнхий боловсролын сургуульд орж байгаа нь эрхэм сайдыг ихээхэн эмзэглүүлсэн гэнэ. Иймд тэрбээр 2-3 настнуудын урдуур дөрөв, тавтай хүүхдүүдийг “гишгүүлэх” мэргэн арга сүвэгчилсан хэрэг. Өөрөөр хэлбэл, багачуудыг эцэг, эхэд нь даатгаад, сургуульд орох дөхсөн хүүхдүүдийг цэцэрлэгт 100 хувь хамруулсан юм.
Эл шийдвэр боловсролын салбарын гол зорилт, уриа болсон тэгш, хүртээмжтэй байдлыг алдагдуулсан учраас олон нийт, тэр дундаа бага насны хүүхэдтэй эцэг, эхчүүд эхнээсээ эрс шүүмжлэлтэй хандсан. Сайд ч энэ тухай анх танилцуулахдаа нэлээд болгоомжилж байв. УИХ-ын чуулганы танхимд “Энэ нь гэнэт гаргасан шийдвэр биш. Салбар яамны түвшинд жил гаруйн өмнөөс ярьж, төлөвлөсөн санаачилга. Хэрэгжүүлэхээс аргагүй” гэж шийдэмгий ярьсан бол дараа нь “Халдварын нөхцөл байдал намжвал аравдугаар сарын 1-нээс хоёр настнуудыг цэцэрлэгт хамруулах бодлого баримталж буй” хэмээн учирласан. Гэвч түүний төсөөлж, тооцоолсноор болсонгүй, аравдугаар сар шувтарч байна. Харин тэрбээр хэд хоногийн өмнө “Хүүхдүүдийн дунд өвчлөл буурч байна. Коронавирусээр өвчилсөн хүмүүсийн 20 орчим хувийг хүүхэд эзэлж байсан нь 18 хувь болж буурсан. Түүнчлэн гурав хүртэлх насныхны 90 орчим хувь нь томуугийн вакцинд хамрагдсан. Тиймээс эрсдэлийн үнэлгээг дахин хийж, боломжтой бол арваннэгдүгээр сарын 1-нээс 2-3 настнуудыг цэцэрлэгт хамруулах төлөвлөгөөтэй. Холбогдох байгууллагуудтай хамтран бүх сургууль, цэцэрлэгт эрсдэлийн үнэлгээ хийнэ” гэв. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд түүний хэлснийг онцолж, “2-3 настнуудыг цэцэрлэгт хамруулах нөхцөл бүрдлээ” гэж мэдээлсээр байна.
Цар тахлаас үүдэлтэй хямралын шуурганд өртөж, өрхийн санхүүгийн байдал нь хүндэрсэн, хүүхэд нь цэцэрлэгээс “жийгдсэний” улмаас гэр бүлийнх нь хэн нэгэн ажил хийх боломжгүй болсон эцэг, эхчүүдэд үүн шиг сайхан мэдээ байсангүй. Тэд “Тийм байлгүй дээ. Бага насны хүүхэдтэй хүмүүсийг арай ч ингэж ялгаварлаж болохгүй” гэж байр сууриа илэрхийлж, “Олон эцэг, эхэд хөдөлмөрлөх боломж бүрдэх нь” хэмээн өөдрөгөөр төсөөлж байна. Зарим нь энэ сургаар хүүхдээ цэцэрлэгт явуулах бэлтгэлээ хэдийн базаагаад эхэлжээ.
Хоёр ой зургаан сартай охиноо хөдөө өвөөгийнх рүү нь явуулсан найз минь өнгөрсөн амралтын өдөр хотод авчирчээ. Тэрбээр “Цэцэрлэггүй хоцорчихож магадгүй гээд нөхрөө шавдуулсаар байгаад яваад ирлээ. Эмээгийнх нь бие чилээрхүү учраас санаа зовоод байсан юм. Ашгүй, хоёр настнуудыг цэцэрлэгт авах нь. Хэд хоногтоо дүүгээрээ харуулж байтал учир нь олдоно” гэв. Саяхан хоёр ой хүрсэн охинтой хамаатны эгч минь “Цэцэрлэгт явж магадгүй гээд охиндоо ойр зуурын хувцас авлаа. Хөтөвчинд суугаад, хоолоо өөрөө идээд сурчихсан. Бид хоёр бэлтгэлээ 100 хувь базаасан. Одоо цэцэрлэг л хэрэгтэй байна” гэв. Аав, ээжүүд энэ мэтчилэн цэцэрлэгийн “үүд” нээгдэнэ хэмээн итгэж, хүлээсээр. Гэтэл бодит байдалд сайдын мэдээлэл хуумгай, магадлал төдий байсныг холбогдох албаны хүмүүсийн байр суурь нотлов.
Хоёр, гурван настнуудыг цэцэрлэгт хэдийнээс хамруулах вэ гэсэн асуултад УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү “Иргэд вакцины III тундаа хэр идэвхтэй хамрагдахаас шалтгаална. Нийт халдварын тохиолдлын 18-19 хувийг хүүхдүүд эзэлж байна. Үүнээс гадна улирлын томуугийн эрсдэлтэй үе ойртоод байна. Нарийвчилсан үнэлгээ, дүн шинжилгээ хийхгүйгээр яаран шийдвэр гаргах нь халдварын тархалтыг эрчимжүүлэх нөхцөл болно. Цэцэрлэг, сургуулиуд (халдварын улмаас хаасан)-ыг нээх нь гарцаагүй. Гэхдээ хэзээ, ямар үе шаттайгаар нээх вэ гэдгийг сайтар тооцоолж, төлөвлөх шаардлагатай” гэсэн юм.
ЭМЯ-ны мэргэжилтнүүд ч ижил зүйл хэллээ. Тус яамны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд “Дельта хувилбарын тархалт өндөр байгаагийн дээр томуугийн улирал эхэлсэн учир гурав хүртэлх насныхныг цэцэрлэгт хамруулах чиглэлээр ямар нэг байр суурь илэрхийлээгүй” гэв. БШУЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын газар болон нийслэлийн Боловсролын газраас “Цэцэрлэгүүдийн үйл ажиллагаа хэдийнээс жигдэрч, 2-3 насныхныг хамруулах вэ” гэж асуухад “Энэ чиглэлээр тодорхой шийдвэр, тушаал гараагүй. Эрсдэлийн үнэлгээ, тандалт судалгааны ажил ид үргэлжилж байна” гэсэн тайлбар өглөө. Энэ бүгдээс үзэхэд арваннэгдүгээр сарын 1 буюу ирэх даваа гаргаас 2-3 насныхныг цэцэрлэгт хамруулна гэдэг нь үлгэр бололтой. 2021 онд амжих, эсэх нь ч эргэлзээтэй. Эрсдэлийн үнэлгээ хийнэ гэж мунгинасаар ирэх оны хавартай золгож мэдэхээр байна.
Гэртээ “цоожлогдсон” багачуудыг сургуулийн өмнөх боловсролд хамруулахын тулд базаах ёстой хамгийн чухал бэлтгэл ажил бол цэцэрлэгийн хүртээмж, хүчин чадлыг тодорхойлох. БШУЯ-ны статистик тайланд дурдсанаар бол одоогийн байдлаар улсын хэмжээнд 1454 цэцэрлэг бий. Үүнээс 948 нь улсын цэцэрлэг. Салбарын сайдын хэлсэнчлэн, төлөвлөсөн ёсоор улсын цэцэрлэгт 3-5 насныхныг энэ жил 100 хувь хамруулсан гэж үзвэл одоо хоёр, гурван настнуудын ердөө 21 хувийг шингээх зай үлдсэн гэсэн үг. Тодруулбал, 70 мянган хүүхдийн 15 орчим мянгыг нь цэцэрлэгт нэмэлтээр хамруулах боломжтой. Тэгэхээр сургуулийн өмнөх боловсролын байгууллагын үйл ажиллагааг бүрэн нээж, 2-3 насныхныг элсүүллээ ч 55 мянга гаруй хүүхэд гэртээ “цоожлогдох”, эсвэл хувийн цэцэрлэг бараадах сонголттой нүүр тулах нь. Хүссэн, эс хүссэн ч багачуудыг дахиад л шигших нь. Гагцхүү ямар шалгуур, үндэслэлээр цэцэрлэгт явах хүүхдүүдийг сонгох вэ гэдгийг төлөвлөж, тооцоолох нь цар тахлын эрсдэлийн үнэлгээнээс илүү ярвигтай асуудал боллоо. “2-3 насныхныг цэцэрлэгт хамруулах боломж бүрдлээ” гэж хий хоосон хөөрцөглөхийн оронд “70 мянган хүүхдээс төдийг нь л элсүүлэх боломжтой” хэмээн үнэнийг хэлж, эцэг, эхчүүдэд эртхэн “замаа бодох” боломж олгох нь зүйтэй мэт.
2021 оны хичээлийн шинэ жил эхлэх үеэр Л.Энх-Амгалан сайд “Цаашид 0-3 насныхныг өдөр өнжүүлэх төв, хүүхэд харах үйлчилгээнд хамруулах, эцэг, эхчүүдэд 130 мянган төгрөгийн хувьсах зардал олгох, “Цалинтай ээж” хөтөлбөрийг үргэлжлүүлэх бодлого баримтална” гэж ярьж байв. Цэцэрлэгт явах боломж нь хязгаарлагдсан хүүхдүүд болон тэдний эцэг, эхчүүдийг ийм байдлаар дэмжих асуудал хөндөгдсөн юм. Гэтэл эдгээр санаачилгыг хэрэгжүүлэх, эсэх нь тодорхой болоогүй л байна. 2022 оны төсвийн хэлэлцүүлгийн үеэр энэ тухай нэг үг, өгүүлбэр дуулдсангүй. Гагцхүү хүүхэд харах үйлчилгээг БШУЯ бус, ХНХЯ хариуцах зохицуулалт хийснийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаанаар онцоллоо. Хүүхдийн сэтгэхүй, бие бялдрын хөгжлийг дэмжих орчин нөхцөл, аюулгүй байдлын шаардлага хангадаггүй хэмээн олон нийт шүүмжилдэг энэ үйлчилгээг стандарттай болгож, эмхэлж цэгцлэх асуудал А.Ариунзаяа сайдын мэдэлд очлоо. Харин Л.Энх-Амгалан сайд цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах, 2-3 настнуудыг сургуулийн өмнөх боловсролд бүрэн хамруулах чиглэлд дорвитой анхаарах шаардлага тулгараад байна.