Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид нэг улирал хичээллэчихлээ. Тэдний сурлагын хоцрогдол арилж байна уу. Асуудал ихтэй гуравдугаар ангийнхан бултаараа уншиж сурсан уу. Зарим нь төвөггүй уншдаг болсон ч ойлгодоггүй байсан. Дээрдэв үү. БШУЯ хаваржин, зунжин “нухсан” хоцрогдол нөхөх хөтөлбөрөө хугацаанд нь эхлүүлж чадаагүйн хэрээр сурагчид ч өдөр, хоног алдсаар ирэв үү. Хичээлийг танхимаар болон цахимаар хослуулан явуулсан нэгэн улиралд ямар үр дүн гарсныг дүгнэж, хэлэлцэв үү.
Ахиц, дэвшил байгаа, эсэхийг тандахыг зорив. Багш, сурагчид, номын санчидтай уулзлаа. Тайван амгалан, үндсэндээ налайсан хүмүүс байна.
Наймдугаар ангийн сурагчид хэрхэн суралцаж буй талаараа “Хичээлийг цахимаар оруулдаг байхад ойлгодоггүй байсан. Багш юу ч байсан дэлгэцээр ганц, хоёр удаа харуулаад, сайндаа дахин нэг давтаж хэлээд, цааш яриад явчихдаг тул тухайн үед ойлгоогүй бол тэгээд л өнгөрдөг байлаа. Одоо цахим, танхимаар ээлжилж хичээллэж буй болохоор байдал дээрдсэн. Цахимаар заах үед ойлгоогүйгээ танхимд суух үедээ асуучихдаг юм. Манай групп 19 сурагчтай танхимд хичээллэдэг. Цөөхүүлээ хичээллэх нь үр дүнтэй” гэж байлаа. Тэдний сурах бичгийг харъя гэхэд гялгар хавтсанд хавчуулсан цааснууд үзүүлэв. Заримыг нь өнгөтөөр, бусдыг нь хараар хэвлэжээ.
Үүнийг өнөөх, БШУЯ-наас гаргахаар төлөвлөсөн ч амжуулаагүй, бие даан ажиллах дэвтэр нь гэж ойлгох бололтой юм. Түр хэрэглэх цахим, хялбаршуулсан сурах бичгийн хэсгүүд гэмээр ч юм уу. Хичээлийн хөтөлбөр дэх, тухайн заах сэдвийн дагуу бэлтгэсэн дасгал ажлын цаас юм байна л даа. Сурагчид “Яах вэ, болж л байна. Заримдаа энэ цаасан дээр байгаа асуултад харандаагаар хариулж бичдэг. Сурагчийн дэвтэртээ бас бичдэг л дээ” гэж байсан. Нийслэлийн нэгэн сургуулийн ахлах ангийн сургалт эрхэлсэн менежер “Аль ч ангийн хичээлийн бүхий л хөтөлбөр PDF хэлбэрээр бэлэн байдаг. Асуудал гардаггүй. Сурагч болон эцэг, эхийн зүгээс сургалтын чанар муу байна гэсэн гомдол ирээгүй. Ер нь цаашдаа хоцрогдол нөхөх хөтөлбөрийн хүрээнд хичээлийг нэлээд урт хугацаанд ийм байдлаар явуулах юм билээ” гэв. Цар тахлын үеийн нөхцөл байдал, сургалтыг үүнээс өөрөөр явуулах гарц, боломж байхгүй гэдэгтэй эвлэрсэн удирдлага гэхээр юм. Нөгөө талаар төр, засгийн бодлого ийм тул хэрэгжүүлэхээ л бодож буй биз ээ.
Сурагчдын, сургалтын түр хугацааны төлөвлөгөөний хүрээнд хэрэглэж буй энэ цаасан, цахим сурах бичиг цүнхэнд нь багтаж ядах юмгүй бөгөөд хөнгөн тул хүүхдийн нуруунд ачаалал өгөхгүй сайн талтай бололтой. Гэхдээ эрсдэлтэй. Энд, тэнд харж байгаад мартвал нэг мэдэхэд алга болохоор. Тэгвэл найзынхаа хуудаснаас олшруулж авах байх, эс бөгөөс багшаасаа дахин гуйж авах болов уу.
БШУЯ-наас сурагчдын хичээлийн буюу сурлагын хоцрогдлыг арилгах бодлогын хүрээнд энэ хичээлийн жилийн эхний улирлын сургалтыг түр төлөвлөгөөний дагуу явуулж буй билээ. Нэгдүгээрхээс бусад ангийнхан түрүү жил үзсэн хичээлээ давтаж, ойлголтоо баталгаажуулж буй бөгөөд үүндээ ийм түр сурах хуудас ашиглаж байгаа нь энэ. Яам анхнаасаа ийм хуудас тарааж сургалт явуулна гээгүй. Бие даан ажиллах дасгал ажлын дэвтэртэй байлгана гэж мэдээлж байв. Өнгөрсөн зуны турш ингэж ярьсан. Яагаад хэрэгжүүлээгүй талаараа тайлбар төдийлөн өгөөгүй. Цаашид яах гэж байгаа юм бол гэсэн асуулт ч урган гарч байна.
…Сурагчид лав өвлийн урт хугацааны амралт хүртэл “А4-ийн цаасан” цахим, түр сурах бичгээр хичээллэх юм байна. БШУЯ сурлагын хоцрогдол нөхөх төлөвлөгөөний эхийн үе шатаа хэрэгжүүлэх гол зэвсгүүдийн нэг болох бие дааж ажиллах дэвтрээр сурагчдыг хангаагүйтэй адил, төлөвлөгөөнийхөө дараагийн шатанд алдаа бүү гаргаасай. Хохирогч нь сурагчид л байх болно…
Наймдугаар ангийнхан энэ хуудсан дээр долдугаар ангийн сургалтын хөтөлбөрийн хүрээн дэх асуултуудад хариулдаг, мөн наймдугаар ангийн сурах бичгээ судалж, дэвтэртээ дасгал ажиллаж эхэлсэн гэж хэлсэн. Хоёр ангийн хөтөлбөрийг хослуулж сургахад гурван жилийн дараа сургалт жигдэрсэн байх учиртай. Яамнаас боловсруулсан хоцрогдол арилгах төлөвлөгөөн дэх “Залгах, нөхөх, арилгах” стратегийн утга энд буй. Дунд ангийнхан хөтөлбөрүүдийг ийнхүү давхар, давхар судлаад явахад асуудал гарахгүй байх талтай гэсэн. Харин бага ангийнхан болохоор өнөөдрийн хичээлээ яая гэж буй нь илт.
Нэгэн улирлын турш хичээллэсэн сурагчдын нөхцөл байдалтай танилцахдаа сургуулиудад сурах бичгийн асуудал тулгарсан хэвээр байгааг анзаарав. Зарим сургуулийн номын санд тооноос илүү гарсан ном өрөөтэй байх юм. Гэхдээ хуучин, ашиглах бараг боломжгүй. Гэсэн ч данстай тул ном л гэсэн үг. Нэг бус сургуульд бага ангийн хэд хэдэн төрлийн ном дутуу гэж байв. Орон нутгаас нийслэлийг зорин шилжин суурьшсан айлын хүүхэд олонтой сургууль ном захиалахдаа хэрэгцээт дүнг хэлдэг ч тэр тоогоор сурах бичиг хуваарилах нь ховор аж. Энэ жил нэгдүгээр ангийн 36 сурагчийн ном захиалъя гэхэд 20-иос бусдад нь илгээдэггүй юм билээ. Ямар учиртайг хэн ч мэддэггүй. Энэ талаар Боловсролын хүрээлэнгээс тодруулахад “Орон даяар бүртгэл хийсэн дүн мэдээг нэгтгэж байж цэгцэлдэг юм” гэсэн утгатай хариулт өгсөн. Хэзээ бүртгэж дуусаад, хэнд мэдээлэхэд ямар арга хэмжээ авдаг юм бол. Энэ онд багтаах уу. Эс бөгөөс улсын хэмжээнд нэг бус сургуулийн нэгдүгээр ангийнханд сурах бичиг хүрэлцэхгүй байх нь асуудал биш гэж үздэг юм уу. Хүүхдүүдийн эцэг, эх эрхбиш худалдаж авч өгнө хэмээн тооцоолдог ч юм болов уу.
Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 76 нэрийн 1 212 798 ширхэг сурах бичиг хэвлэн түгээсэн байна. Бага ангийн 35 нэрийн 1 030 599, дунд ангийн 26 нэрийн 151 431, хөгжлийн бэрхшээлтэй сурагчдад зориулан 11 нэрийн 5700 сурах бичиг хэвлэжээ. Багш нарын дунд “2020, 2021 оны сурах бичгүүд өмнөх буюу 2019 оныхтой харьцуулахад агуулга адил ч хэвлэлийн алдаа байдаг юм болов уу, хуудасны дугаар зөрсөн байх нь бий. Сурагчид яг ижил номтой байхшаардлагатай” гэж хэлж байсныг дуулгахад “Тийм байх учиргүй дээ” гэсэн. Сурах бичигт энэ мэтчилэн асуудал байсаар л аж.
Сурагчдын сурах бичгийг урьдын адил 1-5 дугаар ангийнханд үнэ төлбөргүй, харин түүнээс дээш бол үнийн 40 хувийг төр дааж, 60 хувийг түрээсээр олгодог хэвээр. Сурагчид 17, 18 нэрийн сурах бичгийг 20 000 орчим төгрөгөөр түрээсээр авч хэрэглээд, буцааж тушаадаг. Мөн хэрэв хүсвэл худалдаж авах боломж ч нээлттэй. Төрөөс хэсэгтээ ийм, хосолмол зарчмаар сурагчдаа сурах бичгээр хангана гэсэн бодлого баримталж буй аж.
Боловсролын байгууллагуудын ажил урагшилж буй ч хурдаар тааруу хэвээр. Сурагчид лав өвлийн урт хугацааны амралт хүртэл цаасан, цахим, түр сурах бичиг ашиглах нь. БШУЯ сурлагын хоцрогдол нөхөх төлөвлөгөөний эхний үе шатаа хэрэгжүүлэх гол “зэвсгүүд”-ийн нэг болох бие дааж ажиллах дэвтрээр сурагчдыг хангаагүйтэй адил, төлөвлөгөөнийхөө дараагийн шатанд алдаа бүү гаргаасай. Хохирогч нь сурагчид л байх болно.