“Монгол Ур чадвар-2021” ур чадварын үнэлгээний нэгдүгээр шатны шалгаруулалтад 30 гаруй мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын 75 оролцогч өрсөлдсөн байна. Мужаанаар Техник, технологийн Политехник коллежийн Г.Пүрэвдаваа, Сантехникээр Барилгын политехник коллежийн Г.Адъяадорж, Цахилгаанчнаар Налайх МСҮТ-ийн А.Шинэхүү, Өрөг угсралтаар Барилгын политехник коллежийн О.Наранбаатар, Гагнуурчнаар Герман-Монголын МСҮТ-ийн М.Энх-Амгалан, Токарийн төрөлд Барилгын политехник коллежийн Г.Очбаатар, Тогоочийн шалгаруулалтад Хүнс технологийн политехникийн С.Өсөх-Ирээдүй тэргүүн байрт шалгарчээ. Эхний байруудад шалгарсан суралцагчид ахин бэлтгэл хангаж, дараагийн шатны шалгаруулалтад оролцож, ур чадвараа сорих юм. Ингэснээр ялагч болсон оролцогч 2022 онд Шанхайд болох "Дэлхийн ур чадвар” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох эрхийг авна.
“Дэлхийн ур чадвар” тэмцээн нь 2 жил тутамд 1 удаа болдог. 2017 онд АНЭУ-ын Абу Даби хотноо зохион байгуулсан 44 дэх удаагийн тэмцээнд Монгол Улс 6 мэргэжлээр оролцож, Гагнуурын төрөлд тусгай байр эзэлсэн. Мөн түүнчлэн 2019 онд ОХУ-ын Казань хотноо зохион байгуулагдсан 45 дахь удаагийн тэмцээнд Монгол Улс 8 мэргэжлээр оролцож Гагнуурын төрөлд “Medal of Excellence” медаль хүртсэн амжилт гаргаж байжээ.