Индонез улсаас Хятадад өнгөрсөн есдүгээр сард нийлүүлсэн коксжих, хүрэн нүүрсний хэмжээ түүхэн дээд буюу 21 сая тоннд хүрчээ. Өөрөөр хэлбэл, дээрх хугацаанд өмнөд хөршийн нүүрсний нийт импортын гуравны хоёр нь ногдсон байна. Өмнөх сард нь уг тоо 17 сая байсан гэнэ. Эрчим хүчний хямрал нүүрлэснээс шалтгаалж БНХАУ нүүрсний импортдоо тавих хязгаарлалтаа сулруулсан, Индонез ийнхүү хамгийн том нийлүүлэгч нь болсон тухай “Bloomberg” уламжиллаа. БНХАУ сүүлийн нэг жил орчим Австралиас нүүрс импортлоогүй юм. Улмаар зарим орны нийлүүлэлт нэмэгдсэн гэнэ. Харин цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор Монгол Улсын экспорт багасаж, нэг сая тонноос бага бүтээгдэхүүн нийлүүлсэн хэмээн дурдсан байв.
“Хар алт”-ны эрэлт өнгөрсөн зургадугаар сараас нэмэгдсэнтэй холбоотойгоор Индонез улсаас нийлүүлсэн нүүрсний үнэ (чанар нь тийм ч өндөр бишийнх нь) өнгөрсөн долоо хоногт 160-170 ам.доллар болж дээшилжээ. Энэ нь нэг сарын өмнө дээрх тоо 110-120 “ногоон” байснаас өссөн дүн юм. “Bloomberg intelligence”-ийн шинжээчийн үзэж буйгаар БНХАУ-д Индонезээс нийлүүлэх бүтээгдэхүүний хэмжээ цаашид ч өсөж магадгүй гэнэ. Сонирхуулахад, урд хөрш есдүгээр сард дотооддоо 334.1 сая тонн нүүрс олборлосон тухай sxcoal.com-д бичжээ. Тус улс нүүрсний үнийг буулгах бодлого баримтлахаа саяхан мэдэгдсэн юм. БНХАУ-ын өнгөрсөн есдүгээр сард импортолсон коксжих нүүрсний хэмжээ 4.35 сая тонн болсон нь өмнөх жилийн мөн үеийнхээс 35.3, нэг сарын өмнөхөөс долоон хувиар бага гэсэн үг.
Бэлтгэсэн Б.Сонор