“Эрдэнэс Монгол” компанийн захирал Д.Хаянхярвааг албан тушаалаа урвуулж, бусдаас их хэмжээний хахууль авсан үндэслэлээр АТГ-ынхан өнгөрсөн долоо хоногийн даваа гаргаас шалгаж эхэлсэн билээ. Үүнтэй холбогдуулан тэрбээр Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханд хандан хүсэлт гаргаж, “Ажилд орсон цагаасаа эхлэн тус компанид байгаа хууль бус үйл ажиллагаа, авилга, хээл хахуулийн шинжтэй үйлдлүүдийг таслан зогсоох талаар хүчин чармайлт гарган ажиллаж ирсэн. Хууль зөрчсөн үйлдлүүдийг хууль хяналтын байгууллагаар шалгуулах хүсэлтээ албан бичгээр хүргүүлсэн. Гэтэл намайг учир шалтгаангүй хорьж байна. Монгол Улсын ерөнхий прокурор та энэ хууль бус ажиллагааг таслан зогсоож надад холбогдуулаад байгаа асуудлыг хянан хэрэгсэхгүй болгож, хууль бус үйл ажиллагаа явуулсан албан тушаалтнуудад зохих хуулийн хариуцлага хүлээлгэх арга хэмжээ авч өгнө үү” гэсэн утгатай зүйл бичээд буй билээ. Түүний өмгөөлөгч П.Баасанжав нь ч “2019 онд Д.Хаянхярвааг УИХ-ын гишүүн байх үед “Эрдэнэс Монгол” ХХК-д зарлагдсан тендерийн асуудлаар баривчилсан нь хууль бус” хэмээн мэдэгдсэн.
Тэгвэл баттай эх сурвалжууд Д.Хаянхярвааг бусдыг шантаажилж их хэмжээний хахууль гэх үндэслэлээр шалгаж байгаа гэсэн мэдээлэл өглөө. Бидэнд олдсон мэдээллээр “Говьсүмбэр аймгийн нутаг дахь, “Эрдэнэс Монгол” компани, БНХАУ-ын аж ахуйн нэгжтэй 50:50 хувийг хамтран эзэмшдэг Шивээ-Овоогийн нүүрсний ордын олборлолтыг эхлүүлэх зөвшөөрөл өгөхгүй хясан боогдуулж Хятадын талын хөрөнгө оруулагчдаас их хэмжээний валют хахуульд авсныг АТГ-ынхан тогтоосон сурагтай. Энэ хэрэгт холбогдуулан Д.Хаянхярваагийн туслах н.Уртнасан гэх хүнийг ч саатуулан шалгаж буй гэнэ. “Эрдэнэс Монгол” ХХК нь Хонконгийн хөрөнгө оруулалттай “Эйкүсора” гэх компанитай Шивээ-Овоогийн ордын тусгай зөвшөөрлийг хамтран эзэмшдэг аж. Зарим мэдээллийн хэрэгслээр Д.Хаянхярвааг Шивээ-Овоогийн нүүрсний уурхайг түшиглэсэн 200МВт-ын чадалтай цахилгаан станц барих төслийг хэрэгжүүлэхийн тулд Н.Отгонбаатар гэх хүнд давуу эрх олгож, түүнээс гурван удаагийн үйлдлээр нэг сая ам.доллар хахуульд авсан нь тогтоогдсон хэмээн бичиж байна.
Бэлтгэсэн Г.Равжаа