“Цахим орчныг зохицуулах хэрэгтэй юү” сэдэвт илтгэх ур чадвар, мэтгэлцээний уралдааныг Харилцаа холбооны зохицуулах хороо, НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газраас зарлажээ. Ерөнхий боловсролын сургуулийн 9-12 дугаар ангийн сурагчид уг уралдаанд оролцох боломжтой бөгөөд мэтгэлцээнийг цахимаар зохион байгуулахаараа онцлог юм. Цахим орчны зөв зохистой хэрэглээний талаарх хүүхдүүдийн мэдлэгийг нэмэгдүүлэх нь энэхүү арга хэмжээний зорилго аж. Сурагчид мэтгэлцээнд багаараа оролцоно. Нэг баг гурван гишүүнтэй байх нь. Тэмцээнд оролцогчдыг бүртгэх, илтгэл хүлээн авах хугацаа энэ сарын 25-наас ирэх сарын 5 хүртэл үргэлжилнэ. Бүртгүүлсэн багийн нэг гишүүн зохион байгуулагчдаас бэлтгэсэн сэдвийн нэгийг сонгож, дүрс бичлэг хэлбэрээр илт-гэл бэлтгэх юм байна. Шалгаруулалт хоёр шаттай бөгөөд эхнийхэд нь сурагчдын ирүүлсэн илтгэлүүдээс шилдэг 32-ыг шалгаруулна. Хоёр дахь шатанд цахимаар мэтгэлцээн зохион байгуулах бөгөөд ирэх сарын 26-28-нд болох аж. Нэгдүгээр байр эзэлсэн баг нэг сая төгрөгийн шагнал хүртэх нь. Оролцогчид “Цахим орчны зохистой хэрэглээ гэж юу вэ”, “Цахим орчныг ухаалгаар ашиглах нь”, “Цахим орчинд эрсдэлээс өөрийгөө хамгаалах нь”, “Цахим орчин дахь хувийн мэдээлэл” гэсэн сэдвээс сонгон илтгэл бэлтгэх ёстой юм байна.