Оросын их найрагч Михиал Юрьевич Лермонтов амиа алдаад энэ онд 180 жил болж байна. Тэрбээр Николай Соломонович Мартыновтой хийсэн халз буудалцаанд амь үрэгдсэн юм. Энэ үйл явдал 1841 оны долдугаар сарын 15-ны мягмар гарагт Пятигорск хотын ойролцоо болжээ. Уг эмгэнэлт явдлын олон зүйл одоо болтол тодорхой бус, ойлгомжгүй байгаа гэж үздэг.
Лермонтов 1840-1841 оны өвөл Санкт-Петербург хотод амарч байгаад цэргийн албанаас халагдаж, уран зохиолд өөрийгөө зориулах бодолтой байж. Тэгсэн ч 1841 оны хавар Кавказ дахь цэргийн ангидаа арга буюу буцаж очихоор болсон байна. Эрнест де Баранттай халз буудалцаан хийхэд нь зуучлагч хийсэн авга ах, эртний нөхөр А.А.Столыпин нь түүнтэй хамт явжээ. Энд ирээд Лермонтов удсангүй, өвчний учир чөлөө авч Пятигорскод байх болов. Столыпинээс гадна бага дэслэгч М.П.Глебов, язгууртан угсаат С.В.Трубецкой, А.И.Васильчиков нар Лермонтовоос үл сална. Лермонтовын зан төлөвийг Васальчиков тодорхойлохдоо “Түүний дотор хоёр хүн бий. Нэг нь ойрын хүрээллийн цөөн хүн хийгээд дээдэлдэг хүмүүсийнхээ дэргэд бодь сэтгэлтэй, нөгөөх нь танил хүмүүсийн нь хувьд шазруун, дээрэлхүү зантай” гэсэн байдаг. Тэрбээр Мартыновыг Лермонтовын үхэлд нэг талыг барин буруутгаж чаддаггүй байсан аж. Н.С.Мартынов 1815 онд төрж, сайн боловсрол олсон, их уншдаг, бага залуугаасаа шүлэг бичдэг хүн байв. Лермонтов, Мартынов хоёул цэргийн сургуульд бараг зэрэг орж, “Школьная заря” гэдэг бичмэл сэтгүүлд хамтарч ажилладаг байснаас их ойр дотно нөхөд болцгоожээ. Яг үнэнийг хэлэхэд тэр үед Лермонтовын ааш араншинг таашаадаггүй хүн олон байсан аж.
Овог нэрээсээ болж Лермонтовоос доог тохуу байнга сонсдог байсан Александр Францевич Тиран (Тиран нь хэрцгий, харгис, тамлагч, зовоогч гэсэн утгатай үг) “Лермонтов ер бусын авьяаслаг, гоё зурна, сайн дуулна. Гэлээ ч хэнийг ч сайн хэлдэггүй, дээдсийн хүрээлэнгийн ямар ч бүсгүйн нэрийг гутааж, түүний тухай элдэв түүх зохиож ярих, хэгжүүн үг хэлчихээд тоохгүй” хэмээн бичиж байжээ.
Лермонтов маш энгийн шалтгаанаар ч түүнийг элдэвлэнэ. Тиран маш хувиа хичээсэн, түүнийг ордны наадам цэнгээнд урихгүй бол ихэд уурлана. Лермонтов түүний талаар янз бүрийн намтар түүх зохиож, шог хошин байдлаар зурж, түүгээр ч барахгүй бүхэл бүтэн найраглал бичиж, үхлийг нь зөгнөж байжээ. Гэлээ ч Мартынов найзыгаа зөвтгөж “Түүний яриа хэчнээн хошин наргиантай, ухаан зарсан, шоолж шоглох нь хэчнээн оносон байдаг гээч” гэдэг байж. Энэ хурц шоглол нь түүнийг юунд хүргэхийг тухайн үедээ яахан тааварлах.
Цэргийн сургууль төгсөөд Лермонтов Хааны тосгоныг зорьж, Мартынов тэр хоёрын зам салав. Москвад ирэхдээ Лермонтов Мартыновынхноор заавал орно, тэгэхдээ найзынхаа дүү Наталид сайн болчихсон, харин охины ээж Лермонтовт болгоомжтой ханддаг байсан юмсанж. Ээж нь Мартыновт “Лермонтов бараг өдөр бүр ирнэ, би түүнд гойд дуртай биш. Түүний үг хэл дэндүү хорон, охидод маань сайн мэт байвч тэр дороо л тэдэнд хайр найргүй хандана. Бурхны авралаар тэр удахгүй холдоно” гэж бичсэн байдаг.
Энэ “холдоно” гэдэг нь “Пушкиний үхэл” хэмээх шуугиан тарьсан шүлэг бичсэнийх нь төлөө анх удаа цөлөгдөх шийтгэл хүлээснийг нь хэлсэн хэрэг байлаа. Ингээд Лермонтов Пятигорскод очжээ. Тэнд мөнөөх Мартынов сайн дураар алба хаахаар очсон байв. Лермонтовтой тар турхийх үедээ тэрбээр хошууч цолтой, генерал болохыг мөрөөдөж байжээ.
Гурван охинтойгоо амьдардаг генерал Верзилиний гэргийнд хүмүүс их цуглана. Ийм нэг үдэш өөрийн “хурц ухааныг” ил гаргахаас хэзээ ч буцаж байгаагүй Лермонтов эмэгтэйчүүдийн дунд байхад нь Мартыновт хандан ямар нэг хоржоонтой үг хэлээтэхжээ. Ийм үг анх удаа ч хэлж буй юм биш, Мартынов тэвчилгүй энэ мэт наргиан наадам чинь санаанд огт нийцэхгүй байна хэмээн Лермонтовт хэлсэн аж. Пятигорскийн цэргийн комендатурт ажилладаг байсан Чиляев энэ үйл явдлын тухайд хожим нь “Дурсамж”-даа “Лермонтов, Мартынов хоёр өрсөлдөгчид байсанд эргэлзэх юм үгүй” гэж бичсэн аж. Тэд генералын охин Эмилия Клингенбергийг “эргүүлдэг” байжээ. Энэ Эмилия нь генералын гэргийн дагавар охин байлаа. Сүүлд нь нэг цэнгээн дээр Мартыновыг хармагцаа Лермонтов сурсан зангаараа хэл амаа билүүдэж түүнийг олны нүдэн дээр “балиус зүүсэн уулын хүн” гэж хэлжээ. Яг энэ үед хөгжим зогссон тул Лермонтовын үг танхим даяар сонсогдсон байна. Мартыновын нүдэнд хорсол хилэн тодорч Лермонтов руу хүрч ирээд “Эмэгтэйчүүдийн дэргэд ийм үг хэлэхээ болихыг хэчнээн удаа хүсэх ёстой юм бэ” гэчихээд яваад өгчээ. Хамгийн сонирхолтой нь энэ хоёр хүний хооронд болсон халз буудалцааны гол шалтгаан одоо хэр нь тодорхойгүй байдаг юм. Зарим нь чухам тэр оройн маргааныг гэдэг. Мартыновыг эргээд явахад Лермонтов “Зүгээр ээ, маргааш бид дахиад л найз, нөхөд болчихно” гэж хэлсэн байдаг.
Тэдний маргааны шалтгаан, түүний эмгэнэлт үр дагаврын талаар янз бүрийн таамаг гарсаар байжээ. Тэдгээрийн нэг нь Эмилия Клингенберг юм уу, Надежда Верзилина гэх хоёр бүсгүйн аль нэгнийх нь төлөөх өрсөлдөөн гэх хүмүүс байж. Мартыновын эгч Натальяд Лермонтов ойртоод байснаас үүдэлтэй гэж ч зарим нь үздэг. Наталья Соломоновна бол Лермонтов “Манай үеийн баатар” зохиолдоо Меригийн дүрээр мөнхөлсөн тэр эмэгтэй юм.
Дээр өгүүлсэн маргааны үер Мартынов Лермонтовын гараас барьж, дахин хорон үгээр дайрч элдвээр хэлэх юм бол үүнийг зогсоохоос өөр аргагүй болох тухайгаа хэлэхэд Лермонтов “Хоосон заналхийлэхийн оронд чаддаг юм бол үйлдлээр үзүүлсэн чинь дээр. Би халз буудалцаанаас огт татгалздаггүйг чи мэднэ. Үгээр чи хэнийг ч айлгахгүй” гэж хэлсэн байна.
Николай Соломонович Мартынов 1841 оны долдугаар сарын 17-нд халз буудалцааныхаа талаар мэдүүлэхдээ “Пятигорскод ирснээс хойш надад таагүй үг хэлэх боломжийг Лермонтов ер хоосон өнгөрөөж байгаагүй. Түүний хорон үгийн бай болох бодолгүйгээ чадлын хэрээр хэлж байсан. Түүний үгэн доог тохууг хэрхэн хүлээж авч буйг минь тэр ер хайхардаггүй байв. Халз буудалцаан болохоос хоёр өдрийн өмнө тэр миний тэвчээрийг алдуулав. Тэгээд үүнд цэг тавихаар би шийдсэн” гэж хэлсэн байна. Лермонтовын дотнын нөхөр М.П.Глебов “Мартыновыг Лермонтов доог тохуу болгосон нь халз буудалцаанд хүргэсэн. Лермонтовт хэд хэдэн удаа анхааруулж байснаа ч Мартынов надад хэлж байсан” гэж мэдүүлж байжээ. Мөнөөх А.И.Васильчиков ч “Бага дарга Лермонтов долдугаар сарын 13-ны ням гарагт хорон үгээр Мартыновыг гомдоосон нь халз буудалцаан хийх шалтгаан болсныг мэднэ. Тэдний хооронд эртний өш, хонзон, дайсагнал байсан, эсэхийг мэдэхгүй” гэж хэлсэн баримт бий. Харамсалтай нь, сөргөлдөгч талуудыг эвлэрүүлэх гэсэн Глебов, Васильчиков нарын чармайлт талаар болж 1841 оны долдугаар сарын 15-ны 19.00 цагийн орчимд халз буудалцаан болжээ. Буудалцааныг дөрвөн хүн зохион байгуулсны хоёр нь Глебов, Васильчиков нар байв. Олон жилийн хойно зохиолч, түүхч П.А.Висковатовын асуултад хариулахдаа Васильчиков өөрийгөө Лермонтовын талын гэрчлэгч байсан хэмээжээ. Мартынов Лермонтовын буудахыг жаахан хүлээснээ гохоо дарж орхив. Лермонтов үхлийн шарх авчээ. Васильчиков хожим нь “Өөр лүү нь чиглэсэн бууны ам өөд харж байгаа түүний (Лермонтовын) нүүрэн дээр тайван, бараг хөгжилтэй ч гэмээр дүр тодорч байсныг би хэзээ ч мартахгүй. Лермонтов хяргуулсан юм шиг хойшоо, урагшаа огт ганхалгүй унахад бид гүйж очвол баруун талд нь шарх, зүүн талаас нь цус садарч байв. Сум зүрх, уушгийг нь оносон байлаа” гэж ярьжээ. Дараа нь өгсөн мэдүүлгүүд хоорондоо улам зөрөлдөж байв. Васильчиковын хэлснээс үзвэл Лермонтов хариу буудах тэнхэлгүй байжээ. Тухайн үед Орост халз буудалцаан хийдэг байсан дүрмээр бол сэдсэн хүн хий буудах эрхгүй, хэрэв Мартыновын буудсан сум Лермонтовыг оноогүй бол түүнийг хулчгар гэж үзэх байж. Глебовыг түрүүлж гүйж очиход Лермонтов “Миша, би үхлээ” гэж хэлсэн байна. Харин Мартынов “Михиал Юрьевич, намайг уучлаарай” гэж хэлжээ. Тэрбээр сүүлд нь “Би алахыг хүсээгүй, овоо хараагаа тааруулаа ч үгүй…” гэж ярьсан байдаг. Мартыновыг буудахаас Лермонтов эрс татгалзаж, дээш буудсан гэх яриа Пятигорскод хурдтай тархаж, А.Я.Булгаков, Ю.Ф.Самарин нарын эх сурвалж ч ийн бичиж байлаа. Үүнийг нотлох мэт халз буудалцсаны дараа Лермонтовын гар бууны цэнэгийг салгасан байв. Тэгвэл мөнөөх Васильчиков хожим нь “Түүний буугаар би дээш буудсан” гэж хэлсэн аж. Мартыновыг шагайлгүйгээр таамгаар буудах гэж байх агшинд Лермонтов буутай гараа дээш өргөсөн гэдэг. Тэр дээш буудаж амжсан байж болох юм гэж үздэг түүхчид ч бий. Түүгээр ч барахгүй буудалцаан болсон газрын дээд талд байсан бутанд хэн нэгэн нуугдаж байгаад Лермонтовыг буудчихсан юм биш биз гэх яриа ч гарч байж. Ямар ч байлаа гэсэн Лермонтов буудуулаад нам унаж, ухаан оролгүй байсаар амь тавьсан аж. Васильчиков эмч авчрахаар хот руу мориор давхисан ч айхавтар бороо орж байснаас хэн ч тийш явахыг хүссэнгүй. Дараа нь Глебов, Столыпин хоёр Пятигорск руу явж тэрэг хөлсөлж ирээд цогцсыг 23.00 цагийн үед Лермонтовын гэрт авчирсан гэдэг.
Тус хотын комендант В.И.Ильященков болсон явдлыг эзэн хаанд уламжилжээ. Декабрист А.С.Гангеблов дурсамждаа бичсэнээр бол гэм хоргүй жирийн хүний адилаар Лермонтовыг оршуулах ёслол үйлдэхийг лам зөвшөөрөөгүй гэнэ. 1812 оны Эх орны дайны баатар И.С.Дороховын хүү Р.И.Дорохов үүнд бусдаас илүү бухимдаж, эцэст нь нөхөд нь хориглоогүй бол тэр хөөрхий ламыг нүдчих шахсан байна. Васильчиковын ярьснаар бол Санкт-Петербургийн дээдэс Лермонтовын үхлийг “Тэгэх ёстой байсан юм” гэж хүлээж авсан төдийгүй I Николай хаан “Нохойд нохойн үхэл л зохино” гэж хэлсэн гэдэг. Тэгснээ тэр дороо бид Пушкиныг орлох хүн алагдсан гэх мэдээлэл авлаа гэж эзэн хаан айлдсан аж.
Лермонтовын шарилыг Пятигорскийн хуучин оршуулгын газарт ёслол хүндэтгэл муутай нутаглуулсан байна. Хэдэн сар болоод талийгаачийн эмээгийнх нь хүсэлтээр Пензень губернийн Тархан гацаанд цогцсыг авчирчээ. Н.С.Мартынов 1875 онд 60 настайдаа таалал болжээ. “Мартыновын өмнө их буруутайгаа ойлгож байна. Би түүн рүү гар далайхгүй” гэж Лермонтов Васильчиковт хэлснийг тэрбээр даанч хожуу дуулсан аж. Олон жилийн хойно мөнөөх Александр Илларионович Васильчиков “Лермонтов өөрөө халц буудалцаанд дуудахаас аргагүй байдалд өрсөлдөгчөө оруулсан” гэж бичжээ.
Бэлтгэсэн Р.Жаргалант