Баян-Өлгий аймгийн ЗДТГ, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Зэрлэг амьтан судлах, хамгаалах төв, “Номадик экспедишн” компани хамтран Өлгий сумд зохион байгуулсан бүргэдчдийн анхдугаар чуулганаар гурван гол асуудлыг онцгойлон хэлэлцжээ. Нэгдүгээрт, жил бүр болдог “Бүргэдийн баяр”-ын арга хэмжээг өндөр түвшинд, орон нутагт өгөөжтэйгөөр зохион байгуулах талаар хөнджээ. Уг баярыг аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээ талаас нь хөгжүүлж, иргэдийн ахуй амьжиргаанд сайнаар нөлөөлөхүйц хэмжээнд хүргэх зорилт дэвшүүлсэн байна. Хоёрдугаарт, эл амьтны тоо толгойн зохистой харьцаа алдагдсан асуудлыг хэлэлцэв. Бүргэдчид ихэвчлэн эр бодгалийг гаршуулж, ан авд сургадаг. Үүнээс үүдээд байгаль дээрх эрэгчин бүргэдийн тоо эрс цөөрч, улмаар үржил нь удаашрах шалтгаан болж байна гэжээ. Удаах нь, Зэрлэг амьтан судлах, хамгаалах төвийнхний танилцуулсан цармын бүргэдийг хамгаалах төсөл. Харцагынхан овогт багтдаг энэ хүчирхэг жигүүртний тоо толгой дэлхий дахинд эрс цөөрчээ. Харин Монголд элбэг гэдэг боловч чухам хэчнээн буй нь тодорхойгүй. Энэ чиглэлээр тусгайлан хийсэн судалгаа үгүй аж. Тиймээс судлаачид эхний ээлжид мониторинг хийж, түүнд үндэслэн хамгааллын арга хэмжээ авахаар төлөвлөжээ.