Өчигдрийн нэгдсэн хуралдаанаар гишүүн Э.Бат-Амгаланг Эдийн засгийн, гишүүн Д.Батлутыг Инновац, цахим бодлогын байнгын хорооны байнгын хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлж, гишүүн Д.Батлутыг Үйлдвэржилтийн бодлогын, гишүүн Э.Батшугарыг Инновац, цахим бодлогын болон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын, гишүүн Ц.Идэрбатыг Инновац, цахим бодлогын болон Нийгмийн бодлогын, гишүүн Ч.Хүрэлбаатарыг Эдийн засгийн байнгын хорооны гишүүнээр батлав.
Дараа нь Засгийн газрын бүтцийн болон Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцлээ. Эдийн засаг, хөгжлийн болон Цахим хөгжил, харилцаа холбооны яам байгуулахаар тусгасан эл төслийг гишүүдийн олонх дэмжсэн юм. Гэхдээ Ё.Баатарбилэг, Ж.Ганбаатар, Н.Энхболд, Ж.Мөнхбат, Х.Булгантуяа нарын гишүүн Эдийн засаг, хөгжлийн сайдын эрхлэх асуудлыг явцуу бөгөөд хөгжлийн бодлого, төлөвлөлтийн салбар дундын шууд удирдлагыг хэрэгжүүлэх боломжийг хангалттай тусгаагүй хэмээн байр сууриа илэрхийлж байлаа. Иймд Эдийн засгийн байнгын хороогоор анхны хэлэлцүүлгийг нь хийх үеэр энэ чиглэлд анхаарч, бусад хууль тогтоомжтой уялдуулахаар санал нэгдсэн юм. Мөн Эдийн засаг, хөгжлийн яам гадаадын зээл тусламж, концесс, төр, хувийн хэвшлийн харилцаа, ажилгүйдлийг бууруулах зэрэг хөгжлийн бодлого руу чиглэсэн асуудлуудыг эрхлэх асуудлын хүрээндээ тусгах нь зүйтэйг хэд хэдэн гишүүн хэлсэн.
Үргэлжлүүлэн ирэх оны төсвийн төслийг хэлэлцсэн бөгөөд Сангийн сайд Б.Жавхлан “Засгийн газар өнгөрсөн хавраас эхлэн 2022 оны хөрөнгө оруулалтын бэлтгэл ажлыг хийсэн. Өргөн барьсан төсвийн төсөлд аудит хийлгэхэд хөрөнгө оруулалтын бэлтгэл байхгүй, зураг төсөлгүй арга хэмжээ байхгүй гэсэн дүгнэлт гарсан. Энэ бол том ахиц. Олон жил “царцсан”, гүйцэтгэл нь удааширсан, төсөвт өртөг нь нэмэгдсэн хэд хэдэн төсөл бий. ТӨХК-иудад бүтцийн дорвитой өөрчлөлт хийх цаг нь болсон. Компани тус бүрт эрсдэлийн үнэлгээ хийлгэж байгаа. Жагсаалт нь хараахан гараагүй байна. Гурван чиглэлээр бүтцийн өөрчлөлт хийнэ” гэв.
Бэлтгэсэн У.Наран