УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулиар саналаа өгсөн сонгогчдын олонхын дэмжлэгийг хүлээсэн Э.Батшугар, Ц.Идэрбат нар өчигдөр парламентын гишүүний тангаргаа өргөж, УИХ-ын гишүүний бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэллээ. Сонгинохайрхан дүүргийн дөрөв, Хэнтий аймгийн гурван сонгогч тутмаас дөнгөж нэгийнх л дэмжлэгийг хүлээсэн тэд төрийн эрх барих дээд байгууллагад тухалчихлаа. Цаашлаад нэмэлт санал хураалт явуулан байж сонгуульдаа оролцсон иргэдийн хэд нь итгэл үнэмшлээ худалдаж, хэдэн цаасаар арилжсан бол гээд хардвал хууль тогтоогчоор сонгогдох босго хэтэрхий намсаж ч мэднэ.
Харамсалтай нь, нийт сонгогчийнх нь тал нь ч оролцоогүй байлаа ч “цойлсон” л бол төр түшиж болох түүхийг тэд эхлүүллээ. Хойшид ийм сонгууль битгий болоосой, бүү хийгээсэй хэмээн хүснэм. Ардчилсан сонгууль явуулснаас хойших 30 шахам жилд 12 удаа нөхөн сонгууль зохион байгуулсан ч ирц нь 50 хувьд хүрээгүй үүн шиг тохиолдол гарч байсангүй. Эр нөхрийнхөө орыг залгаж, эрхэм гишүүн болохдоо Д.Туяа 87.1, алагдсан ахынхаа араас улс төрд хөл тавихдаа С.Оюун 84.8 хувийн ирцтэй сонгуулиас тодорч байсан юм шүү. Сонгогчдын ирц сонгуулиас сонгуулийн хооронд буурч байгаа гэх тайлбар хэлж мэдэх ч ийм байдалд яагаад хүрэв гэдгээ эргэж харахгүй бол оройтох нь.
Шалтгааныг нь сонгуулийн төв байгууллагын удирдлага өчигдөр “Сонгогчдын идэвх, оролцоог сайжруулах, сонгох, сонгогдох эрхээ хэрэгжүүлэх ач холбогдлыг тайлбарлан таниулах, сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны талаар суурь мэдээ, мэдээллийг хүртээмжтэй хэлбэрээр хүргэх зэрэг сонгогчдын боловсролд зориулсан үйл ажиллагааг сонгуулийн болон сонгуулийн бус жилд өргөн цар хүрээтэйгээр, тогтмол явуулахад Сонгуулийн ерөнхий хороо онцгой анхаарал хандуулж ажиллах шаардлагатай гэж үзэж байна. Мөн аравдугаар сард сонгууль явуулбал улсын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл хангах өргөн цар хүрээтэй ажилтай зэрэгцдэг онцлогтой. Дэлхий нийтэд аюул учруулж буй цар тахлын хүндхэн нөхцөл байдал нь сонгогчдын ирц, оролцоонд нөлөөлөх хүчин зүйлийн нэг болсныг үгүйсгэх аргагүй. Нөгөө талаар сонгуулийн байгууллагаас Үндсэн хууль, холбогдох бусад хууль, тогтоомжийн дагуу явуулж буй үйл ажиллагааны талаар үндэслэлгүй, баримтгүй, илтэд гуйвуулсан, худал мэдээ, мэдээллийг олон нийтэд тарааж иргэдийн сонгох, сонгогдох эрхэд бүдүүлгээр халдсан хууль бус үйлдэл гаарч байгаад эрх бүхий, холбогдох төрийн байгууллагууд анхаарч ажиллах шаардлагатай. Ирц, оролцоо бол сонгогчдоос сонгуульд оролцож буй улс төрийн нам, эвсэлд өгөх үнэлэмжтэй шууд холбоотой. Улс төрийн нам нь ардчилсан нийгмийн чухал институц болохын хувьд иргэнийхээ сонгох, сонгогдох эрхэд хэрхэн хүндэтгэлтэй хандаж байгаа, эсэх, цаашлаад төлөвшилтэй нь ч холбоотой” хэмээн тодорхойлно лээ. Аль нь байлаа ч ардчилсан сонгуулийн мөн чанар болсон бүх нийтийн байх зарчим буюу нийт сонгогчийнх нь ядаж 50+1 хувь нь оролцсон сонгуулийг л хүлээн зөвшөөрөх шаардлагаа алдах учиргүй. Ирцгүй сонгуулийг хүлээн зөвшөөрөх хөшүүргийг нь хуульчилсан өнөөгийн эрх баригчид, шинэхэн хоёр гишүүн аль нэг дүүрэг, аймгийг төлөөлж ярихаасаа ичих хэрэгтэй.
Нэг жил гаруйн зайтай зохион байгуулсан ээлжит болон нөхөн сонгуулийн ялагч болсон эрхмүүд хэд хэдэн хүний санал авсныг анзаараарай. У.Хүрэлсүх, Д.Сумъяабазар нарын авч байснаас даруй 8000 орчмоор цөөн санал авсан ч тэд гишүүн болчихлоо. Гэтэл энэ хэмжээний саналаар ялагч болж, нэг аймаг, тойргийг төлөөлөн төрийн түшээ гэгдэж ирснийг доорх хүснэгтээс харж болох нь. Энэ бол сонгуулийн тогтолцооны гажуудал, санал гээгддэг үзэгдлийн илрэл. “Ялагч бүхнийг авах” буюу саналаа өгсөн сонгогчдоос хамгийн их дэмжлэг хүлээсэн нь УИХ-ын гишүүн гэгдэж ирсэн, саналын эрх бүхий нийт сонгогчийн эрх ашиг хөсөр хаягддагийн тод жишээ энэ. Үүнийг засахын тулд тогтолцооны өөрчлөлт хийх ёстой, мажоритар хувилбараас татгалзах хэрэгтэй гэж хэчнээн олон жил ярьсан ч үр дүнд хүрээгүй нь гунигтай.
Эцэст нь цаасан дээрх тоо, тогтолцоог ярьж, шүүмжлээд ч хэрэг байна уу хэмээн гутрах юм. Үр хүүхдээ хөтөлж гүйгээд, өөрт нь л ашигтай бол хэнтэй ч, ямар ч наймаа хийж мэдэх хүмүүсээс хүлээх зүйл үнэндээ алга. Аавынх нь үеийн бурангуй хүмүүс хэзээ зайгаа тавьж өгөхийг хүлээж суутал хүү нь өнөөх л замаар хөтлүүлээд хүрээд ирлээ шүү дээ.