Нийслэлийн хэмжээнд ерөнхий боловсролын хоёр сургууль, таван цэцэрлэг цар тахлын улмаас танхимын сургалтаа бүрэн зогсоож, хүүхдүүд цахимаар хичээллэж байв. Өчигдрийн байдлаар сургууль, цэцэрлэгүүдээс нийт 53 багш, 37 ажилтан, 153 хүүхэд “Ковид-19”-өөр өвчилсөн байв. Нийслэлийн Боловсролын газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн мэргэжилтэн Ж.Батбилэг “Боловсрол, шинжлэх ухааны болон Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан түр журмыг сургууль, цэцэрлэгүүдэд хэрэгжүүлж буй. Коронавирусийн халдвар илэрсэн анги, сургуулийн үйл ажиллагааг уг журмын дагуу түр зогсоож байгаа” гэв. Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд Улаанбаатарт 682 хүүхэд “Ковид-19”-өөр өвчилжээ. Энэ нь өмнөх долоо хоногийнхоосоо өссөн үзүүлэлт юм байна. Гэхдээ хүүхдүүд сургууль, цэцэрлэгийн орчноос бус, гэр бүлийн хүрээллээс халдвар авах тохиолдол дийлэнх хувийг эзэлж буй гэнэ.
Бэлтгэсэн М.Оч