Монгол Улсын гавьяат багш С.Төмөр-Очирын ахалсан ажлын хэсэг улсын хэмжээнд Ерөнхий боловсролын сургуулийн 35 судлагдахууны одоо ашиглаж буй 174 сурах бичигт дүн шинжилгээ хийж, шинжлэх ухаан технологийн түвшнээс хоцорсон, монгол ахуйг орхигдуулсан гэх дүгнэлт гаргажээ. Тийм хэдий ч хүүхдүүд 2024 он хүртэл хуучин сурах бичгээ ашиглана гэдгийг БШУЯ-наас хэлж буй. Учир нь шинээр судалгаа хийж, хөтөлбөр боловсруулж, ном гаргахад багагүй хугацаа шаардлагатай гэнэ.
Шинжилгээний ажлын үр дүнг ерөнхийд нь авч үзвэл, сурах бичгүүд хүүхдэд мэдлэг олгоход чиглэхээс биш сурснаа амьдралд хэрэглэх, дадал болгоход дутуу анхаарсан. Сурагчид бие даан ажиллаж, өөрөө мэдлэг бүтээх дадал илт хоцрогдсон. Байгалийн ухаан, мэдээлэл зүйн хичээлүүд шинжлэх ухаан технологийн өнөөгийн хөгжлийн түвшнээс хоцорсон. Сурах бичигт тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, жендерийн болон монгол уламжлал, зан заншил харьцангуй бага туссан. Сурах бичгийн дэд сэдвүүд болон түвшин хичээл хоорондын логик холбоо алдагдсан. Зохиогчдыг зөв сонгоогүй, анги бүрийн сурах бичиг зохиогчид, редакторууд өөр өөр байгаа нь дээрх алдаа гаргах шалтгаан болсон гэсэн ерөнхий дүгнэлт эхний байдлаар гарсан байна.
Дэлхий даяар сурагч багшийн хэлснийг цээжлэх биш мэдлэгийг өөрөө олж авах, бүтээх чиглэл рүү явж байна. Тэгвэл манай сурах бичигт энэ чиглэлээс гажсаныг дээрх ажлын хэсэг баталлаа. Өөрөөр хэлбэл, хүүхэд өөрөө сэтгэн бодох, мэдлэг бүтээх талыг орхигдуулсан аж. Мөн монгол хэлний эрдэмтэд журамласан толийг эрдэмтэд зохиосон. Наад зах нь эл толь бичгээ баримталж, сурах бичгүүдээ шинэчлэхгүй бол үг үсгийн алдаа ихтэйг судлаачид хэлж буй.
Иймээс сурах бичгийн шинэчилсэн хөтөлбөр боловсруулж, шинэ сурах бичиг гаргах шаардлага тулгарч байна. Улмаар БШУ-ны сайд болон ажлын хэсгийнхэн сурах бичгүүдийн хөтөлбөрийг 2024 онд хүртэл боловсруулж, шинэчлэхээр тохиролцжээ.
Бэлтгэсэн Б.Содгэрэл