ОХУ-ын нийслэл Москва хотод коронавирусийн халдварын тархалт хямралын байдалд дөхсөнтэй холбогдуулан шинэ хязгаарлалт тогтоож байгааг тус хотын дарга Сергей Собянин мэдэгджээ.
"2021 оны 10 -р сарын 25 -наас 2022 оны 2 -р сарын 25 хүртэл Москвад үйл ажиллагаагаа явуулж буй ажил олгогчид нийт ажилчдынхаа 30 -аас доошгүй хувийг алсын зайнаас ажиллуулах ёстой" гэж хотын даргын цахим хуудасд бичжээ.
Эл горим нь эмнэлгийн байгууллага, батлан хамгаалаын аж ахуйн нэгж, “Росатом”, “Роскосмос” болон бусад зарим стратегийн чухал салбарын ажилтнуудад хамаарахгүй болохыг тэмдэглэжээ. Юуны түрүүнд эрүүл мэндийн шалтгаанаар эрсдэлийн бүсэд байгаа хүмүүст энэхүү хязгаарлалт хамаарах аж.
Түүнчлэн 60-аас дээш настай, архаг суурь өвчтэй оршин суугчид өөрсдийгөө тусгаарлагдах шаардлагатай болжээ. Гэхдээ агаарт гарч алхах, спортоор хичээллэхийг зөвшөөрсөн байна.
Сүүлийн зургаан сарын хугацаанд халдвар аваад эдгэрсэн эсвэл вакцин хийлгэсэн хүмүүс дээрх хязгаарлалтаас чөлөөлөгдөнө.
Мөн үйлчилгээний салбарын ажилчдын 80 хувийг вакцинд албадан хамруулах бөгөөд вакцины эхний тунг холбогдох салбаруудын ажилчид 2021 оны 12 дугаар сарын 1 гэхэд, хоёрдугаар тунг 2022 оны нэгдүгээр сарын 1 гэхэд хийлгэх ёстой болжээ.
Москвад Ковид-19 халдварын тохиолдол өнгөрсөн наймдугаар сартай харьцуулахад дөрөв дахин нэмэгдэж долоо хоногт 49 мянган тохиолдол илэрч байгааг хотын дарга онцлов.
Тэрбээр вакцинжуулалтын ачаар хотын оршин суугчдын тодорхой давхарга бий болсныг тэмдэглээд, вакцинжуулалт нь коронавирусаас хамгаалах хамгийн найдвартай арга хэвээр байгааг дахин сануулжээ.
Мөн 10 дугаар сарын 30-наас 11 дүгээр сарын долооны өдрийг дуустал ажлын бус өдрүүдийг зарлахаар төлөвлөж байна.
Аравдугаар сарын 19-ний байдлаар ОХУ-д Ковид-19 –ийн халдварын нийт тохиолдол найман саяыг давж, 225 мянган хүн нас баржээ.