Монгол орон даяар хамгийн олон салбар нэгжтэй ХААН банктай холбоотой таагүй мэдээлэл сүүлийн үед их гарах болсон. Тэгвэл тус банкны эрх бүхий ажилтан албан тушаалаа урвуулсан хэргийг Улсын дээд шүүх хэлэлцэхээс татгалзжээ. ХААН банкны “Хархорин” салбарын ажилтан Т.Ууганбаатар бусдаас хахууль авч зээл гаргаж өгсөн хэрэгт холбогдон анхан шатны шүүхээс ял шийтгүүлсэн талаар бид өнгөрсөн зургадугаар сард мэдээлсэн. Тэрбээр иргэн Ц.Н, түүний эхнэр Г.М нарын 150 сая төгрөгийн зээл авах асуудлыг судалж, зээл олгох нөхцөл бүрдүүлснийхээ хариуд буюу ажлаа хийснийхээ төлбөрт зээлийн 10 хувь болох 15 сая төгрөгийг 2020 оны дөрөвдүгээр сард авсан байна. Аливаа банкны эрх бүхий албан тушаалтнууд зээл гаргаж өгөхдөө тодорхой хувийг нь авдаг гэх албан бус мэдээлэл байнга гардаг. Тиймдээ ч арилжааны банкуудын эрх бүхий албан тушаалтнууд зээл хүссэн иргэдийг чирэгдүүлж, материалыг нь судалж байгаа нэрээр удаан хугацааны турш хүлээлгэдэг явдлыг “гар харж байна” гэж үзэх зээлдэгч олон. Зээл олгохын тулд “10 хувийн авлига” авч, харилцагч үйлчлүүлэгчдээ ч, өөрсдөө ч хэрэгтний ширээнд суусан тохиолдлын бодит жишээ болсон дээрх хэргийг анхан шатны шүүх хэлэлцээд ХААН банкны дээрх албан тушаалтныг 150 сая төгрөгийн зээл гаргаж өгөхдөө бусдаас хахууль авсан гэм буруутайд тооцож, нэг жил хоёр сарын хугацаагаар хорих ял оноосон. Харин түүнд авсан зээлийнхээ 10 хувийг хахууль болгож өгсөн Ц.Н, Г.М нарын зорчих эрхийг хоёр жилийн хугацаагаар хассан юм. Харин давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасан аж. Эл шийдвэрийг хэргийн оролцогчид эсэргүүцэн Дээд шүүхэд хандсан ч хэлэлцэхээс татгалзсанаар анхан шатны шүүх дахин хянахаар болжээ.
Бэлтгэсэн Г.Равжаа