Гэмт хэргийн улмаас эрүүгийн хэргийн хохирогч болсон атал прокурорууд үл тоож байна хэмээн нэгэн компанийн төлөөлөл бидэнд хандлаа. Тодруулбал, гадаадын хөрөнгө оруулалттай “Интер орд” ХХК-ийн ерөнхий захирал Фан Жинлин нь нэг тэрбум төгрөгөөр хохирч, улмаар хууль хяналтын байгууллагад 2019 онд хандсан атал өнөөг болтол түүнийг хохирогчоор тогтоогоогүй, гэм буруутай хүнийг нь ч яллагдагчаар татахгүй байгаа гэнэ. Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас 2021 оны дөрөвдүгээр сарын 12-нд 5/414 дугаартай албан бичгээр “Фан Жинлинийг хохирогчоор тогтоогоогүй” хэмээн мэдэгдсэн бөгөөд үүнийг нь дээрх компанийнхан “Хэргийг бүтэн жил гаруйн хугацаанд нам дарчихаад хэнэг ч үгүй ийм бичиг өглөө” гэж буй юм.
Уг нь “Интер орд” ХХК-ийн гүйцэтгэх захирал Я.Эрдэнэбаатар, санхүү эрхэлсэн захирал Б.Билэгдэмбэрэл нар 2019 оны арваннэгдүгээр сард хөрөнгө оруулагч, ерөнхий захирал Фан Жинлинд мэдэгдэлгүй хоёр вагон цайр, тугалганы хүдрийг БНХАУ руу нэвтрүүлж, гэрээний оролцогч бус нэгэн аж ахуйн нэгжийнхэнд борлуулсан аж. Ингээд дээрх компанийн Удирдах зөвлөлийнхөн Бээжинд хуралдаж Б.Билэгдэмбэрэлийг ажлаас нь чөлөөлж, Чулуунбагана гэх хүнийг томилжээ. Улмаар Монголд ирээд Чулуунбаганад Я.Эрдэнэбаатар нь компанийн тамга тэмдэг, банкны итгэмжлэлийг өгсөн байна. Удалгүй Чулуунбагана нь Хятад руу ажлаар явж, эзгүй хойгуур нь Я.Эрдэнэбаатар хувийнхаа данс руу компаниас 600 сая төгрөг шилжүүлэн авсан гэнэ. Үүнийгээ татварын байгууллагын өр төлбөрт өгөх гэж байсан хэмээн Я.Эрдэнэбаатар ярьсан ч “Интер орд” ХХК татварын өр, төлбөргүй нь батлагдсан аж. Прокурорууд нөлөөнд автаж, энэ хэргийг хэрэгсэхгүй болгох зорилгоор дарж байна хэмээн “Интер орд” ХХК-ийнхан үзээд хуулийг гууль болгож байна гэцгээж буй юм. “Бид гэм буруутай байж болзошгүй хүнийг утас, хаягтай нь гаргасан, ямар хэрэг өдүүлэн, хэнийг яаж хохироосныг баримтаар нотолж өгөөд байхад гэмт этгээдийг дураар нь байлгаж буй прокуроруудыг “Шударга бусын хонгил”-ынхон гэж үзэхээс өөр аргагүй. Яллагдагчаа хамгаалдаг яллагчийн эл үйлдэл нь тэднийг авлига авах нөхцөлийг бүрдүүлж, хохирогч дахин хохироход хүргэж байна” хэмээсэн юм.
Бэлтгэсэн Г.Равжаа