Төрийн албанд очоод түүнийгээ урвуулсан хэрэгт холбогдсон олон хүн өөрийгөө гэм буруугүй хэмээн мэдээлдэг. Түүгээр ч зогсохгүй төр түшилцэхээр УИХ, орон нутгийн сонгуульд нэр дэвших явдал цөөнгүй. Ийм нэг хэргийн эзэн бол Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн зөвлөхөөр ажиллаж байсан М.Тулга. Тэрбээр эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт холбогдон 2014 оноос хойш прокурор, шүүх, мөрдөн байцаах байгууллагын хаалга татсан бөгөөд өнгөрсөн сарын 22-нд анхан шатны шүүхээр М.Тулга болон түүнтэй хамт шүүгдэгчийн ширээнд суусан хүмүүсийн гэм буруутай, эсэхийг дэнсэлсэн юм. Тэд чухам ямар хэрэгт холбогдсон талаар уншигчдадаа хүргэе.
“Нүүрс” хөтөлбөрийн гэх хэргээс улбаатай энэ хэргийг 2014 оны хавраас шалгаж эхэлсэн бөгөөд тухайн үеийн Ерөнхий сайд Н.Алтанхуягийн УИХ-ын гишүүний зөвлөхөөр ажиллаж байсан М.Тулгыг нурууны гэмтэл нь сэдэрч, хэвтэрт байхад нь цагдан хорих анги руу авч явсан хэмээн хэвлэлд мэдээлсэн билээ. Хэргийг нь шүүхээр шийдвэрлээгүй байхад М.Тулга Сонгинохайрхан дүүрэгт УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байсныг уншигчид санаж буй нь лавтай.
УЛСЫН ТӨСӨВТ 1.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХОХИРОЛ УЧРУУЛСАН ГЭЖ БУРУУТГАВ
М.Тулга 2010 оны арваннэгдүгээр сарын 11-нд УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн зөвлөхөөр томилогджээ. Эл албан тушаалд томигдоод удалгүй эрх мэдлээ урвуулан, улсын төсвийн хөрөнгөөр 2011, 2012 онд санхүүжих ажил, үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт “Ар дааган”, “Алтантэнгэр”, ХБО, “Комфорт импэкс” зэрэг компанийн нэр дээр тендерийн бичиг баримт бүрдүүлэн оролцсон аж. Уг аж ахуйн нэгжүүд нь М.Тулгын хамаарал бүхий компани бөгөөд тендерийн үнэлгээний хорооны гишүүдэд тэрбээр УИХ-ын гишүүдийн хөрөнгө оруулалт, зураг төсвийн дагуу тендер сонгон шалгаруулалт явуулах талаар танилцуулсан байна. Улмаар садан төрлийн хүн болох “Кон-инженерс” ХХК-ийн захирал Б.Онхоор 31 байршилд хүүхдийн тоглоомын болон спорт талбайн зураг төсөл, иргэн Ж.Зундуйгаар бичил паркийн төсөл хийлгэжээ. Уг зураг, төсвийнхөө дагуу тендер сонгон шалгаруулалт явуулсан гэнэ. Ингэснээр тендерийн үнэлгээний хорооны гишүүд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль зөрчиж, шаардлага хангаагүй компаниудыг сонгон шалгаруулан, нийт 4.3 тэрбум гаруй төгрөгийн төсөвт өртөг бүхий гэрээ байгуулж. Уг гэрээнийхээ дагуу дөрвөн тэрбум төгрөгийн санхүүжилт улсын төсвөөс авсан байгаа юм. Гэвч 2012 оны наймдугаар сараас 2013 оны арванхоёрдугаар сарын хооронд 2.9 тэрбум илүү төгрөгийн ажил гүйцэтгэж, “Барилга байгууламжийг улсын комисст хүлээлгэж өгөх тухай” акт гаргуулан хүлээлгэж өгсөн байна. Энэ үйлдлийнх нь улмаас улсын төсөвт 1.1 тэрбум төгрөгийн хохирол учирсан хэмээн хууль сахиулах байгууллагынхан буруутгасан аж.
БОТАНИКИЙН ХҮРЭЭЛЭН ДЭХ БИЧИЛ ПАРК БАЙГАА ЮУ
Дээрх байдлаар шалгаруулсан тендер дунд нь хийж, гүйцэтгэсэн, эсэх нь тодорхойгүй ажил ч бий. Тухайлбал, Баянзүрх дүүргийн ЗДТГ-аас 2011 онд улсын төсвөөс санхүүжих “Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн бичил паркийн ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах” тендер зарласан байдаг. Уг тендерт өөрийн танил Ө.Пүрэвбаатарын “Комфорт импэкс” ХХК-ийн нэрээр оролцож, үнэлгээний хорооны гишүүдэд “УИХ-ын гишүүдийн хөрөнгө оруулалт, зураг төсвийн дагуу тендер сонгон шалгаруулалт явуулах талаар танилцуулсан байна. Улмаар иргэн Ж.Зундуйгаар бичил паркийн зураг төсөв гаргуулан өгч, түүнийх нь дагуу сонгон шалгаруулалт явуулах ёстой гэсэн чиглэл өгчээ. Энэ үйлдлээрээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн холбогдох заалтыг зөрчиж, 2011 оны наймдугаар сарын 17-нд гэрээ байгуулах эрх олгох шийдвэр тендерийн үнэлгээний хорооныхноор гаргуулсан аж. Ингээд тухайн сарын 25-нд 407.9 сая төгрөгөөр хийж гүйцэтгэх гэрээ холбогдох албаныхан нь байгуулсан гэнэ. Харин тендерт шалгарсан аж ахуйн нэгж нь 375.6 сая төгрөг улсын төсвөөс авсныхаа 305 саяар нь ажил гүйцэтгэж, 70 гаруй сая төгрөг нь хэн нэгний халаасанд орсны сацуу 2013 оны өвөл “Барилга, байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт”-аар Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн бичил паркийн ажлыг хүлээлгэн өгчээ. Харин өдгөө энэ бичил парк төдийгүй, Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн ч үгүй болоод буй билээ.
Мөн тухайн үеийн БСШУЯ-наас зарласан, Сонгинохайрхан дүүргийн нутагт 11 цэцэрлэгийн тоглоом барих ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт өөрийнхөө хамаарал бүхий “Ар дааган” ХХК-ийн нэрээр оролцож, тендерийн үнэлгээний хорооны гишүүдэд аанай л “УИХ-ын гишүүдийн хөрөнгө оруулалт, зураг төсвийн дагуу тендер сонгон шалгаруулалт явуулах ёстой” хэмээн танилцуулж, тэдгээр цэцэрлэгийн гадна талбайн тохижилтын ажлын зураг төсвийг хамаатнаараа гаргуулжээ. Улмаар 1.3 тэрбум гаруй төгрөгөөр уг ажлыг гүйцэтгэх гэрээ байгуулж, 1.2 тэрбумыг нь төсвөөс авсан гэнэ. Түүнийхээ 794.8 сая илүүгээр нь найз Э.Төмөрбаатараар ажил гүйцэтгүүлж, улсын комисст хүлээлгэн өгчээ. Энэ үйлдлийнх нь улмаас улсын төсөвт 422 сая төгрөгийн хохирол учирсан байна. Бас нийслэлийн ЗДТГ-аас зарласан, Сонгинохайрхан дүүргийн нутаг, I хорооллын тохижилтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт найз М.Энхсайханы хамаарал бүхий ХБО ХХК-ийн нэрээр оролцож, бас л УИХ-ын гишүүнийхээ нэрийг барьж нөлөөлсөн гэнэ. Мөн Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-аас 2012 онд улсын төсвөөс санхүүжүүлэх “Орчны тохижилт” СХД/ТА/236/01, 236/04, 236/5, 236/06 дугаартай тендерийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахад өөрийн хамаарал бүхий “Ар дааган”, “Алтантэнгэр” ХХК-ийг оролцуулж, ялахад албан тушаалынхаа нөлөөг ашигласан аж.
ГЭМ БУРУУТАЙГ НЬ ШҮҮХ ТОГТООСОН Ч ЯЛААС ЧӨЛӨӨЛӨВ
М.Тулгатай хамт Э.Төмөрбаатар, Н.Эрдэнэ-Очир, Б.Самбуу нарыг холбогдуулан яллагдагчаар татсан байдаг. Н.Эрдэнэ-Очирыг БСШУЯ-наас зарласан, Сонгинохайрхан дүүргийн нутаг дахь 11 цэцэрлэгийн гадна талбайд тоглоом барих тендерт “Ар дааган” компанийг ялах бо ломжийг бүрдүүлж, Э.Төмөрбаатартай туслан гүйцэтгэгчийн гэрээ байгуулан 1.2 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилт авсан. Түүнээсээ 121 сая гаруйг нь хувьдаа авч, 794 сая төгрөгийн ажил гүйцэтгээд улсын төсөвт 400 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт буруутгасан юм билээ.
Харин Э.Төмөрбаатарыг дээрх тендерийг шалгаруулахад дэмжлэг үзүүлэн, хамтран оролцож, улсын төсөвт 581.3 сая төгрөгийн хохирол учруулсан гэж прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна. “Алтантэнгэр” ХХК-ийн захирал Б.Самбууг Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-аас 2012 онд улсын төсвөөс санхүүжүүлэх “Орчны тохижилт” СХД/ТА/236/01, 236/04, 236/5, 236/06 дугаартай тендерт М.Тулгын дэмжлэгтэйгээр шалгарч, 1.2 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй тохижилтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Улмаар улсын төсвөөс 1.1 тэрбумын санхүүжилт авснаас 925 саяар хийж гүйцэтгэн, улсад 267.1 сая төгрөгийн хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдсэн юм. НПГ-аас дээрх дөрвөн хүнд 2002 оны Эрүүгийн хуулийн 263.2-т заасан “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас их хэмжээний хохирол учирсан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд шүүх, прокурорынхон дундаа нэлээд хугацаанд нааш цааш “шидэлцсэн” түүхтэй. Өөрөөр хэлбэл, М.Тулга, Э.Төмөрбаатар, Н.Эрдэнэ-Очир, Б.Самбуу холбогдох 65 хавтастай хэргийг 2020 оны гуравдугаар сард Улсын дээд шүүхээс тогтоол гаргаж анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр болсноос хойш бүтэн жил гаруйн хугацаанд шийдвэрлэж чадаагүй байв. Харин өнгөрсөн есдүгээр сарын 22-нд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар, М.Мөнхбаатар, Г.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хэлэлцсэн хурлаас Э.Төмөрбаатар, Н.Эрдэнэ-Очир, Б.Самбуу нарын үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэн цагаатгалаа. Харин Мижидийн Тулгын гэм буруутай нь тогтоогдсон гэж дүгнээд эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан тул хариуцлагаас чөлөөлжээ.
Бэлтгэсэн Г.Равжаа