НҮБ-аас Өмнөд Судан улсад явуулж буй UNMISS ажиллагаанд Монгол Улс энхийг сахиулагчдаа илгээснээс хойш багагүй хугацаа өнгөрч, хэдхэн хоногийн дараа 11 дэх ээлж үүрэг гүйцэтгэхээр эх орноосоо мордох гэж байна. Цэргийн багийг бүрдүүлэгч зэвсэгт хүчний алба хаагчид, тэр дундаа офицерууд нь төрийн цэргийн бусад байгууллага буюу дотоодын цэрэг, хил хамгаалах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, цагдаагийн байгууллагынхныг гадуурхдаг, дээрэнгүй харилцдаг гэх гомдол байсхийгээд гардаг ч ЗХЖШ ч, холбогдох яам, агентлагийнхан нь төдийлөн ач холбогдол өгдөггүй. Зэвсэгт хүчнийхний харилцааны доголдлоос болж, Өмнөд Суданд үүрэг гүйцэтгэж байсан дотоодын цэргийн алба хаагч амиа хорлосон хэрэг жил гаруйн өмнө гарсныг уншигчид бараг л мэдээгүй өнгөрсөн юм. Тэгвэл мөрдөн байцаах, прокурорын байгууллагынхан энэ хэргийг шалгаад зэвсэгт хүчний алба хаагчдад яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлээд байна.
Өмнөд Суданд үүрэг гүйцэтгэсэн 800 хүнтэй энхийг сахиулах батальон буюу VIII ээлжийн цэргийн багийн захирагч, зэвсэгт хүчний 150 дугаар ангийн Штабын даргаар ажиллаж байгаад өнгөрсөн зун тэтгэвэртээ гарсан дэд хурандаа Б.Баттүвшин, тус багийн III мотобуудлагын ротын захирагч Э.Ганбат, ротын сургагч ахлагч Б.Сэргэлэн нарт НПГ-аас Эрүүгийн хуулийн 10.4-1-т заасан “Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэсэн”, 28.3-1 дэх хэсгийн “Цэргийн дүрмийн бус байдлаар харилцаж дарга, захирагч нь захирагдагчаа зодсон, хүч хэрэглэсэн” гэх хэрэгт хамтран оролцсон үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн аж.
Цэргийн багийн захирагч тэргүүтэй дээрх гурван алба хаагч дотоодын цэргээс энхийг сахиулах ажиллагаанд оролцож байсан Д.Г-ыг Өмнөд Суданы цэргийн баазад болсон явдлыг ар гэртээ хэлсэн. Ар гэрийнхэн нь уг асуудлаар ЗХЖШ-т гомдол гаргасан байна. Хараалын үг хэлэхгүй байснаас болж цэргийн алба хаагч нар хараалын үгэнд эмзэглэдэг болжээ” гэх мэтээр цэргийн дүрмийн бусаар харилцан, үн дэслэлгүйгээр сахилгын шийтгэл ногдуулж, Д.Г-ыг гутаан доромжилсон. Мөн цэргийн багийн захирагчийн дэргэдэх зөвлөлийг хуралдуулалгүйгээр салааны захирагч Д.Заяабаатар, салааны захирагчийн орлогч Б.Бат-Эрдэнэ, тасгийн дарга Н.Баяржавхлан нарын тушаалыг бууруулж, үндэслэлгүйгээр шийтгэж сэтгэл санааны хямралд оруулсан. Энэ мэт байдлаас болж Өмнөд Суданы хойд Лийч мужийн Бентью хотод байрлах Монгол Улсын зэвсэгт хүчний “Хубилай” баазад 2020 оны зургадугаар сарын 21-ний 05.00 цаг өнгөрч байхад дотоодын цэргийн алба хаагч Д.Г амиа хорлоход гарцаагүй хүргэсэн гэж дэд хурандаа Б.Баттүвшин тэргүүтэй хүмүүсийг буруутгаж буй юм.
Түүнчлэн Монгол Улсын цэргийн багийн III мотобуудлагын ротын захирагч Э.Ганбатыг 2020 оны дөрөвдүгээр сарын 1-нд ротынхоо хоёрдугаар салааны захирагч Д.Олонхүү, ротын ахлагч, сургагч ахлагч Б.Сэргэлэн нарын хамт шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас энхийг сахиулах ажиллагаанд оролцохоор ирсэн дэд ахлагч Д.Т-ийг дэд ахлагч Н.Л-тэй маргаж, зодолдсон гэх шалтгаанаар шийдвэр гүйцэтгэгч таван хүнийг зодож, халуун наранд хантааз, дуулгатай нь зогсоосноос нэг нь ухаан алдаж унасан байна. Ийнхүү цэргүүдтэйгээ дүрмийн бус байдлаар харилцаж, дэглэсэн нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон гэж үзжээ. Мөн III мотобуудлагын ротын сургагч ахлагч Б.Сэргэлэнг Д.Г-ыг амиа хорлоход хүргэсэн, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас ирсэн энхийг сахиулагчдыг дэглэснээс гадна 2020 оны зургадугаар сарын 16-ны салааныхаа буудагч, дэд ахлагч Б.Б-ийг хуваарьт хичээлд хамрагдаагүй гэх шалтгаанаар зодсон үйлдэлд буруутгаж буй юм билээ. Энэ хэрэгт Өмнөд Суданд үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын VIII ээлжийн цэргийн багийн III мотобуудлагын ротын хоёрдугаар салааны захирагч Д.Олонхүүг ч бас буруутган шалгасан байдаг. Уг хэргийг Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн даваа гарагт хэлэлцэхээр товлосон боловч цар тахлаас шалтгаалан хойшлуулжээ.
Бэлтгэсэн Д.Дайчин