БШУ-ны сайд Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суух Элчин сайд Ө. Ө.Батбаяртай уулзах үеэрээ, хоёр орны Боловсрол, шинжлэх ухааны салбарыг холбогч гүүр болж ажиллахыг хүсээд хамтын ажиллагааны дараах саналуудыг тавьлаа.
- Монгол Улсын Засгийн газраас хоёрдогч хэлийг англи хэл болгох зорилт дэвшүүлсэнтэй холбогдуулан англи хэлний сайн дурын багшийг урьж, ажиллах боломжийг бүрдүүлэхэд анхаарч ажиллах
- Их, дээд сургуулиудын хамтын ажиллагааг өргөжүүлэх
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөрт туссан “XXI зууны Монгол залуу-2100” хөтөлбөр, Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрийн зорилтын хүрээнд гадаад улс орнуудад бакалавр, магистр, докторын түвшинд оюутан суралцуулахад дэмжлэг үзүүлж, Засгийн газар хоорондын хэлэлцээрээр сургахад анхаарах
- Монгол Улсад Шинжлэх ухааны паркийн суурь дэд бүтцийг хөгжүүлэхэд Америкийн Нэгдсэн Улсын туршлагаас судлах, хамтран ажиллах, техникийн хамтын ажиллагааны туслалцаа авах
- Хараа болон сонсголын бэрхшээлтэй хүүхдэд эзэмшүүлж буй сургалтын арга зүйгээс суралцах, багш урих, хөтөлбөр сайжруулахад хамтран ажиллах (Эрт оролцооны хөтөлбөр, Perkins school).
- Америкийн Нэгдсэн Улсын санхүүжилттэй хэрэгжиж буй Ирээдүйн Манлайлагчдын Хөтөлбөр (FLEX)-ийг үргэлжлүүлэх, сурагчдын тоог нэмэх, зэрэг ажилд хүчин чармайлт гаргаж ажиллахыг Элчин сайд Ө.Батбаяраас хүслээ.
ЭСЯ -ны бүртгэлээр өнөөдрийн байдлаар АНУ-д 2972 Монгол оюутан суралцаж байна.
Харин Бүгд Найрамдах Сингапур Улсад суух Элчин сайд С.Энхбаярыг хүлээн авч уулзах үеэрээ, дараах саналыг хүссэн байна.
- Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хүртээмжтэй сургалтын орчин бүрдүүлэх чиглэлд хамтран ажиллах
- Англи хэлний багш нарын ур чадварыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах боломжийг судлах
- Бага, дунд сургуулийн багш, удирдах ажилтны чадавхыг бэхжүүлэх, сургуулийн менежментийн чиглэлээр төсөл хэрэгжүүлэх
- Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын багшийг давтан бэлтгэхэд хамтран ажиллах
- Монгол Улсад гарааны бизнесийг дэмждэг үндэсний экосистемийг бий болгоход Сингапур улсын туршлагаас суралцах, энэ тал дээр хамтран ажиллаж, бодлогын болон хүний нөөцийн техникийн хамтын ажиллагааны туслалцаа авах зэрэг ажлуудыг хэрэгжүүлэхэд Сингапур улсын холбогдох боловсролын байгууллагуудтай холбож өгөхийг Элчин сайд С.Энхбаяраас хүслээ.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суух Элчин сайд Д.Ганболдыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хэд хэдэн асуудалд анхаарч ажиллахыг элчин сайдаас хүслээ.
- Эрүүл мэндийн шалтгаанаар сургуульд сурах боломжгүй хүүхдэд боловсрол олгож буй туршлагыг судлах
- Энэтхэг Улсад шавилан сууж буй ламхай хүүхдийн монгол хэл, соёлын боловсролын асуудлаар хамтран ажиллах
- Англи хэлний багшийн ур чадварыг сайжруулах, англи хэлний сургалтыг зохион байгуулахад хамтран ажиллах
- Хоёр улсын Засгийн газар хоорондын Монгол, Энэтхэгийн найрамдлын сургуулийг барих ажлыг дэмжиж анхаарч ажиллах зэрэг асуудалд анхаарч, хүчин чармайлт гаргахыг хүслээ.
Энэтхэг улсын ЗГ нь мэдээлэл технологийн чиглэлээр Энэтхэгийн их, дээд сургуулиудад суралцах 50 гаруй тэтгэлэг, богино болон урт хугацааны сургалтын 150 тэтгэлгийг жил бүр манай улсад олгодог байна.
Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суух Элчин сайд Д. Даваасүрэнг хүлээн авч уулзахдаа, тус улстай боловсрол, шинжлэх ухааны салбарын шууд хамтын ажиллагаа бага тул онцгойлон хэд хэдэн асуудалд анхаарахыг хүслээ.
- Австрали улсад амьдарч байгаа Монгол хүүхдийн монгол хэл, соёлын боловсролын хэрэгцээ болон энэ чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, сургалтын төвүүдийн талаарх мэдээлэл, тухайн оронд суралцаж байгаа суралцагчдын мэдээллийг ирүүлж, яам болон Боловсролын хүрээлэнтэй хамтран ажиллах
- Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилгаар англи хэлийг хоёрдогч хэл болгохтой холбогдуулан монголын багш нарын англи хэлний мэдлэг, чадварыг дээшлүүлэхэд хамтран ажиллахад онцгойлон анхаарч, сайн дурын багш нарыг Монгол Улсад ажиллуулах чиглэлд хамтран ажиллах
- Гадаадад монгол бичгийг сурталчлах, монгол уран бичлэг, монгол бичгээр өв соёлын үзэсгэлэн зохион байгуулах, монгол иргэд, хүүхэд залууст монгол бичиг сургах үйл ажиллагааг Монгол Улсаас гадаад орнуудад суугаа Дипломат төлөөлөгчийн газрууд, Монгол судлалын төвүүд дэмжин ажиллах
- Хоёр орны дээд түвшний болон байгууллага хоорондын уулзалтад шинжлэх ухаан, технологи, инновацын талаар хамтран ажиллах асуудлыг байнга хөндөж, шинжлэх ухааны дипломат (science diplomacy) үйл ажиллагааг шат дараатай хөгжүүлэхэд анхаарах, тухайн улсад ажиллаж буй монгол судлаачдын бүртгэлийг гарган мэдлэг туршлагаа хуваалцах, шинэ санаа солилцох, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх платформыг бий болгох
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөрт туссан “XXI зууны Монгол залуу-2100” хөтөлбөр, Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрийн зорилтын хүрээнд гадаад улс орнуудад бакалавр, магистр, докторын түвшинд оюутан суралцуулахад дэмжлэг үзүүлж, Засгийн газар хоорондын хэлэлцээрээр сургахад анхаарахыг тус тус хүслээ.
Бэлтгэсэн Б.Содгэрэл