Сүхбаатарын талбайд суулт зарлаж буй Гавьяат дуучин С.Жавхлан Засгийн газраас 4 тэрбум төгрөг нэхэмжилсэн гэх мэдээллийн дагуу Сангийн сайд Б.Жавлангаас тодруулга авлаа. Сангийн сайд Б.Жавхлан “Тийм уулзалт болсон. Өнгөрсөн дөрвөн жил С.Жавхлантай УИХ-д хамтарч ажиллаа. Уулзаж ярьж хөөрөх зүйл байлгүй яахав. “Ковид-19” цар тахлын энэ үед урлаг, аялал жуулчлалын салбарынхан хамгийн хүнд цохилтод өртсөн. Энэ хүрээнд бидний уулзалт болсон. “Хамаг Монгол” төслийн хүрээнд 21 аймаг, сумдаар тойрч, нийтдээ 4 орчим тэрбум төгрөг зарцуулах шаардлагатай байгаа учраас Засгийн газраас хамтарч, оролцооч гэсэн зүйл ярьсан. Мэдээж төсөв, санхүүгийн нөхцөлөө харсан ч ийм зүйлийг дэмжих боломжгүй. Иргэдийн татварын мөнгөөр үүнийг санхүүжүүлэх боломжгүй гэж бухимдсан тал байгаа. Би яг үнэндээ ярьж байсан зүйлээ ажил болгоод, ингээд жагсаал хийчихнэ гэж бодоогүй л дээ. Тэгэхдээ бид төсвөөс урлаг уран сайхны ажлыг санхүүжүүлэх ямар ч хууль эрх зүйн боломжгүй” гэлээ. Харин Гавьяат дуучин С.Жавхлан “Энэ талаар олон нийтэд одоогоор мэдээлэл өгөх боломжгүй. Сангийн сайдтай Сүхбаатарын талбай дээр нүүр тулж уулзана” гэлээ.
Бэлтгэсэн Б.Содгэрэл