Амьдралын буруу хэвшил, хөдөлгөөний хомсдолоос үүдэлтэй эмгэг буюу халдварт бус өвчин дэлхий дахинд эрс нэмэгдэж буй. Үүнтэй холбогдуулан НҮБ халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх бодлого баримталж байна. Тус байгууллага ийм шалтгаанаар нас барагсдын тоог 2030 он гэхэд 25, хөдөлгөөний хомсдолыг 10 хувиар бууруулах зорилт дэвшүүлсэн. Харин цар тахлын нөлөөгөөр хүмүүс ихэнх цагаа гэртээ өнгөрөөх болсноор амьдралын идэвх нь буурч, дасгал хөдөлгөөн тогтмол хийх нь багасжээ. Ингэснээр эл зорилтыг хангах нөхцөл боломж хумигдсан гэж судлаачид үзэх болов. 18-24 насны оюутан залуус өдөрт багадаа 2.5 цагийг суугаа байдалд, идэвхгүй өнгөрөөж байна гэсэн тооцоог дээрх байгууллагаас гаргажээ.
Манай улсын хувьд хөдөлгөөний бэрхшээлээс үүдэлтэй эмгэгийн үзүүлэлт харьцангуй өндөр орны тоонд багтдаг гэнэ. 15-69 насны хүн амын 21.9 хувь нь хөдөлгөөний хомсдолтой, 49.4 хувь нь илүүдэл жин, таргалалттай аж. Хөдөлмөр идэвхтэй эрхэлдэг иргэдийн 52.4 хувь нь ажлын байрандаа, 48.2 хувь нь амралт, чөлөөт цагаараа дасгал хөдөлгөөн хийдэггүй бөгөөд хоногт дунджаар 3.4 цагийг суугаа байдалд өнгөрөөдөг байна.
Олон улсын байгууллагуудаас өгч буй зөвлөмж, халдварт бус өвчинтэй тэмцэх чиглэлээр үндэсний хэмжээнд баримталдаг бодлоготой уялдуулан ЭМЯ, Биеийн тамир, спортын хороо, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв зэрэг 10 гаруй байгууллага хамтран “Эрүүл амьдралын хэв маягт алхам алхмаар” аян өрнүүлж эхэллээ. Дэлхийн улс орнууд жил бүрийн аравдугаар сард тохиодог Дэлхийн алхалтын өдрийн хүрээнд таргалалт, бусад төрлийн халдварт бус өвчинтэй тэмцэх, иргэдийг идэвхтэй амьдралын хэв маягт уриалах, дасгал хөдөлгөөний ач холбогдлыг сурталчлах олон арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай. Манай улс энэ санаачилгыг тав дахь жилдээ хэрэгжүүлж буй бөгөөд энэ удаа илүү өргөн хүрээг хамруулж байгаагаараа онцлог юм. Ташрамд дурдахад, аяныг хэрэгжүүлэгчид монгол залуусын бүтээсэн “Алхъя” аппликэйшнийг тогтмол хэрэглэж заншихыг монголчууддаа уриалав.
Бэлтгэсэн Ж.Сувд