Манай улс улирлын томуугийн дархлаажуулалтыг өнгөрсөн сарын 13-наас эхлүүлсэн билээ. Зорилтот бүлгийн буюу 2-11 насны хүүхдүүд, жирэмсэн эмэгтэйчүүдийг уг өвчний эсрэг вакцинд хамруулж буй юм. Тэгвэл өчигдрийн байдлаар дээрх насны хүүхдүүдийн 98.7 хувь нь томуугийн вакцин хийлгэжээ. Тодруулбал, хоёр настай хүүхдүүдийн 91, 3-5 настнуудын 97 хувь нь томуугийн вакцин тариулсан байна. Мөн 6-11 настай хүүхдүүдийн 98 хувь нь томуугийн дархлаажуулалтад хамрагдсан гэнэ. Харин жирэмсэн эхчүүдийн 15 хувь нь вакцин хийлгэсэн аж.
Дээр дурдсан насны хүүхдүүд коронавирусийн эсрэг вакцинд хамрагдах боломж одоогоор аль ч улсад бүрдээгүй. Тиймээс тэд коронавирусийн халдвар авч, дээр нь томуугаар өвчилбөл нөхцөл байдал хүндрэх, хүүхдүүдийн өвчлөл нэмэгдэх эрсдэлтэй гэж үзэн томуугийн вакцинд хамруулах зорилтот бүлгийг тодорхойлсон байдаг. Ялангуяа цар тахлын улмаас эмнэлгүүдийн ачаалал хэтэрсэн үед хүүхдүүдийн өвчлөл ихсэх нь эрүүл мэндийн салбарыг улам туйлдуулах эрсдэлтэй гэнэ. Үүнтэй холбоотойгоор томуугийн дархлаажуулалтын хүрээг энэ жил өргөжүүлж, вакцины хэмжээг нэмсэн. Үүний хүрээнд Засгийн газраас НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан 360 600 тун вакцин авчээ. Өмнөх жилүүдэд манай улс томуугийн 100 000 тун вакцин авч, иргэдийг сайн дурын үндсэн дээр дархлаажуулж байв.
Дархлаажуулалтад хамрагдах нь ямар ач холбогдолтой талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн У.Наранцэцэг “2-11 насны хүүхдүүд, жирэмсэн эхчүүд томуугийн эсрэг вакцинд идэвхтэй хамрагдахыг уриалъя. Томуугийн вакцинд хамрагдсанаар уг өвчнийг огт тусахгүй гэсэн ташаа ойлголттой иргэд байдаг. Энэ бол буруу. Харин вакцин хийлгэснээр учирч болох эрсдэлээс сэргийлэх ач холбогдолтой” гэсэн юм.
Томуугийн өвчлөл аравдугаар сараас дараа оныхоо 4-5 дугаар сар хүртэл үргэлжилдэг. Энэ үеийг томуугийн улирал хэмээдэг билээ. Манай улсад томуугаар өвчлөгсдийн дийлэнх буюу 90 орчим хувийг хүүхдүүд эзэлдэг аж. Тэр дундаа 15 хүртэлх насны хүүхдүүд голчлон өвчилдөг юм байна. Тухайлбал, өмнө нь өвөл бүр эмнэлгүүдэд хүүхдүүд олноор хэвтэн эмчлүүлдэг байв. Үүнээс шалтгаалан зарим эмнэлэгт ор хүрэлцэхгүй, хүүхдүүд шалан дээр хэвтдэг “уламжлал тогтсон” гэхэд ч хилсдэхгүй. Харин цар тахлаас улбаалан иргэд амны хаалт зүүж хэвшсэн, бас сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг түр зогсоосон зэргээс шалтгаалан өнгөрсөн жил томуугийн өвчлөл харьцангуй бага байжээ. Харин энэ удаад сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хязгаарлаагүй, хүүхдүүд нийгмийн харилцаанд идэвхтэй оролцож байгаа тул томуу, томуу төст өвчин өргөн хүрээнд тархах эрсдэлтэйг эрүүл мэндийн байгууллагынхан анхааруулах болов.
Өнгөрсөн долоо хоногийн эцсийн байдлаар манайд томуугийн вирус бүртгэгдээгүйг нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээлсэн. Сүүлийн жилүүдийн мэдээллийг харахад томуугийн вирус голчлон 12-1 дүгээр сард бүртгэгджээ. “Томуугийн ихэнх шинж тэмдэг коронавирусийнхтэй төстэй. “Ковид-19”-ийн томуугаас ялгарах нэг онцлог шинж тэмдэг нь амтлах, үнэрлэх мэдрэхүй алдагдах юм. Дархлаажуулалтад хамрагдах нь аль ч өвчнөөс сэргийлэх гол арга. Түүнчлэн амны хаалт сайн зүүх хэрэгтэй. Иргэд амны хаалтгүй явах тохиолдол төдийлөн харагддаггүй болсон. Гэхдээ зөв зүүхгүй, эрүүндээ тохсон, хамраа ил гаргаж явах тохиолдол цөөнгүй байна. Хамгийн гол нь амны хаалтыг 2-3 цаг тутамд сольж, зөв зүүж хэвших хэрэгтэй” гэж тус газрынхан зөвлөв.
Бэлтгэсэн М.Оч