Манай улсад өчигдрийн байдлаар 1483 хүн “Ковид-19”-ийн улмаас нас баржээ. Тэр дундаа сүүлийн нэг сарын хугацаанд буюу өнгөрсөн сарын 18-наас өчигдрийг хүртэл 473 хүн уг өвчнөөр эндсэн байна. Энэ нь нэг сарын хугацаанд хамгийн олон хүн нас барсан тохиолдол юм. Коронавирусийн дельта хэлбэрийн тархалтаас үүссэн гурав дахь давлагааны оргил үе нь өнгөрсөн сар гаруйн хугацаанд тохиож, цар тахал ийнхүү олон хүний амийг авч одов. Тодруулбал, есдүгээр сарын 17- нд улсын хэмжээнд есөн хүн “Ковид-19”-өөр энджээ. Харин түүнээс хойш өдөр бүр 10-аас олон хүн уг өвчний улмаас нас барсан байна. Хоног бүрийн тоон мэдээллийг харвал өдөрт дунджаар 15 хүн коронавирусээс болж нас барсан гэсэн үг.
Манай улсад нас баралтын тэргүүлэх шалтгааныг зүрх, судасны өвчин эзэлдэг. Харин дараа нь хавдрын өвчлөл жагсдаг. Тухайлбал, өнгөрсөн онд 15 922 хүн нас барснаас 5221 нь зүрх, судасны өвчин, 4159 нь хавдраар эндсэн байна. Эдгээр тоог хоногт хувааж үзвэл зүрх, судасны өвчнөөр өдөрт 14, хавдраар 11 хүн нас барсан гэж тооцож болох аж. Харин цар тахлаар өдгөө хоногт 15 хүн эндэж байна. Үүнээс харахад “Ковид-19” манай улсад нас баралтын тэргүүн шалтгаан болчихоод байгаа хэрэг юм.
Энэ сар гарснаас хойш коронавирусийн халдвар авсан хүний тоо ялимгүй буурсныг Эрүүл мэндийн яамны мэдээллээс харж болно. Харин нас барсан хүний тоо төдийлөн буурахгүй, өдөрт арав арваараа эндсээр буй нь харамсалтай. Эндэх хүний тоо цаашид ч буурах төлөвгүй гэдгийг албаныхан мэдээлэх болсон. Тухайлбал, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж өчигдөр “Халдвар авсан хүний тоо буурч байгаа. Гэсэн ч биеийн байдал нь хүнд, хүндэвтэр болсон, тэр дундаа амьсгалын аппарат шаардлагатай хүмүүс нэмэгдэж байна” хэмээсэн юм. Өнгөрсөн сарын хугацаанд хоногт хэдэн хүн цар тахлаар эндсэнийг графикт үзүүллээ.
Бэлтгэсэн М.Оч