ДЭМБ-аас гаргасан судалгаагаар амьдралдаа тохиолдож байгаа аливаа асуудлыг хүлээн зөвшөөрч, энэ нь хувь хүнд нөлөөлж байгааг танин мэдэж, бас багасгах арга замыг мэдэж байгаа хүн стрессээ туулж чадна гэжээ.
Өөрөөр хэлбэл, “Ковид-19” цар тахлын үед сэтгэцийн эрүүл мэнддээ анхаарах нь хэвийн үеийнхээс илүү чухал болоод байна. Хүн амийг сэтгэцийн эрүүл мэндийн байдлаар нь “сэтгэцийн хувьд эрүүл”, “сэтгэц нь нийгмийн тулгамдсан асуудалтай”, “сэтгэцийн эмгэгтэй” гэж гурав ангилдаг аж. Цар тахлын үед олон хязгаарлалт тогтоосон нь хүмүүст хүндхэн тусаж буй. Тиймээс сэтгэцэд тулгамдсан асуудлыг хүндрүүлж, сэтгэцийн эмгэг болголгүй хэвийн хадгалах шаардлага тулгарчээ. СЭМҮТ-ийн их эмч Ж.Гантулга ковидын үед стрессээ даван туулах талаар зөвлөж байна.
СТРЕССИЙГ ДАВАН ТУУЛАХ АРГУУД:
Өөрөө өөртөө тушаал өг
Хэн өөрийгөө захирч, удирдаж чадна, тэр хүн хүчтэй.
Цэвэр агаарт зугаалж бухимдлаа тайлах
Долоо хоногтоо нэг удаа хайртай хүмүүстэйгээ хамт цэвэр агаарт алхаж заншаарай.
Хүнтэй сайхан инээмсэглэж, харьцаж байгаарай
Сайхан инээмсгэлэл сэтгэл сэргээгч эм юм. Өглөө бүр ургах нар луу инээмсэглэн хар. Та хошин шогийн мэдрэмж сайтай бол сэтгэл бухимдалд орох нь ховор байдаг.
Дуртай зүйлээ цагаа зарцуулаарай
Хүн бүр өөрийн хийх дуртай зүйлээ хийхээрээ сэтгэл сэргэдэг. Зарим хүмүүс хөгжим сонсож стрессээ тайлдаг бол спортоор хичээлэх, тэмдэглэл хөтлөхөд стресс тайлагдах нь бий.
Бусдыг уучлах бусдын өмнө буулт хийх
Хэн нэгний гаргасан алдаа бүрийг бодож, сэтгэлдээ тээж явбал, өөрт л ачаа болно
Сэтгэл зовнилоо өөрийгөө ятгаж тайлах арга
Хий хоосон сэтгэл зовинох тохиолдолд санаагаа бүү зовоо, тайван бай! Бүх юм сайхан болно. Би хүчиндээ итгэж байна. Сэтгэл түгших нь надад тусалж чадахгүй, харин хор хохирол учруулна гэсэн үг хэллэгтэй ятгалгыг өөртөө тайван хийгээд чимээгүй хэлнэ.
“Буу халж”, бухимдлаа тайлах
Зарим хүмүүс, ялангуяа эмэгтэйчүүд хэн нэг буюу хэд хэдэн хүнд дургүй хүрсэн, бухимдсан зэвүүцсэн, уур хүрсэн буюу гомдсон тухайгаа найздаа ярьж бухимдлаа тайлдаг. Тэдний ихэнх нь нөхрийнхөө, эсвэл даргынхаа тухай “хов жив” ярьж, өөртөө төрсөн дургүйцлээ, гомдолоо “буу халж” тайлдаг.
СТРЕСС ТҮРГЭН ТАЙЛАХ ЭВЕРЛИЙН АМЬСГАЛЫН ДАСГАЛ
Дасгалыг тайван нөхцөлд суугаа буюу хэвтээ байдалд хийнэ. Амьсгал хамраараа авч амаараа гаргана. “Би тайвширч чадна” гэсэн итгэлээр, 3 секундын турш гүнзгий амьсгалаа авна, 3 секундын турш амьсгалаа түгжинэ. Мөн 3 секундын турш амьсгалаа гаргана. Ийм маягаар дасгалыг 10-15 минут хийхэд таны бүх биеийн булчин суларч, та тайвширч чадна.
Энэхүү амьсгалын дасгал нь сэтгэл түгшилтийг намжаана. Булчингийн хүчдэлийг сулруулна. Симпатик мэдрэлийн хөөрлийг номхотгоно. Дотор эрхтний хөөрлийг намжаах зүрхний түргэссэн цохилтыг удаашруулна.
Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулиас
Манай улс Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуультай. Сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих талаар Монгол Улсын иргэн дараах үүрэг хүлээдэг байна.
6.2.1 Өөрийн болон бусдын сэтгэцийн эрүүл мэндийг эрхэмлэн үзэж, ажиллаж, суралцаж, амьдарч байгаа орчиндоо зөв харилцаа, таатай нөхцлийг бүрдүүлэх
6.2.2 Сэтгэцийн эмгэгтэй хүнийг ялгаварлан гадуурхах, гутаан доромжлохыг цээрлэх
Бэлтгэсэн Б.Содгэрэл