Цар тахлын улмаас нийслэлийн хэмжээнд өчигдрийн байдлаар тус бүр нэг сургууль, цэцэрлэг зайны сургалтад шилжсэн байв. Түүнчлэн хэсэгчилсэн хязгаарлалт тогтоосон буюу зарим байр, ангиа хаасан сургууль, цэцэрлэг тус бүр нэг байгааг нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж мэдээлэв. Цэцэрлэгийн 11 хүүхэд, 17 багш, есөн ажилтан өчигдөр “Ковид-19”-өөр өвчилсөн нь батлагджээ. Мөн ерөнхий боловсролын сургуулийн 117 сурагч, 43 багш, долоон ажилтан коронавирусийн халдвар авсан байна. Их, дээд сургуулийн оюутнуудын тухайд Б.Бямбадорж “Нийслэлд 21 сургуулийн дотуур байр бий. Одоогоор 209 оюутан коронавирусээр халдварласнаас 91 нь дотуур байрандаа эмчлүүлж буй. Оюутны байранд халдвар гарсан тохиолдолд түр хянах тасаг нээж, тусгаарлаж байгаа. Орон нутгаас ирсэн иргэд болон оюутнууд халдвар авсан тохиолдолд түр оршин суугаа газрынхаа өрхийн эмнэлэгт хандаж болно” гэв. Ташрамд дурдахад, улсын хэмжээнд өчигдөр “Ковид-19”-ийн 1920 тохиолдол бүртгэгдэж, 21-80 настай 15 хүн уг өвчний улмаас нас баржээ.
Бэлтгэсэн М.Оч