Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан "МҮИС гэх нэр төрийн өмч учир нэрийг нь буцааж авна" гэснийг бид өмнө мэдээлсэн. Тэгвэл МҮИС-ийнхан түүнийг цагдаад өгсөн учир очиж мэдүүлэг өгсөн талаараа Л.Энх-Амгалан сайд өөрийн цахим хуудастаа мэдээлжээ. Тодруулбал,
"МҮИС-аас намайг ХУЛГАЙЧ гэж хэлсэн гэх үндэслэлээр цагдаад өгсөн юм байна. Гомдлын дагуу мөрдөн байцаагчид мэдүүлэг өглөө. Тухайн үеийн Боловсролын сайдын 1992 оны оны 10 дугаар сарын 26-ны өдрийн “Үндэсний их сургуулийн статус олгох тухай” 476 дугаар тушаалаар Монгол Улсын Их сургуулийг “Монгол Улсын Үндэсний Их сургууль” хэмээн нэрлэсүгэй” гэж статусыг МУИС-д албан ёсоор олгосон. Энэ нэр бол Монгол Улсын оюуны өмчийн газар, Монгол Улсын Төрийн хэлний зөвлөл, Шударга өрсөлдөөнийг зохицуулах газруудаар баталгаажсан МУИС-ийн өмч юм. Би Боловсрол, Шинжлэх ухааны сайдаар ажиллах хугацаандаа Монгол Улсын Их Сургуулийн нэрний давхардлын арилгах асуудлыг хуулийн хүрээнд шийдүүлж удахгүй нэг талд нь гаргана. Би Монголын Үндэсний Их сургууль гэдэг тухайн байгууллагын нэр хүндэд халдаж буруутгаагүй. Хууль бусаар авсан нэрийг ашиглан ашиг орлого олох хэрэгсэл болгож байгааг буруутгасан. Дээр нь МУИС-ийн оюуны өмч болох нэрийг нь давхардуулж олгосон тухайн үеийн Боловсролын яамны албан тушаалтнууд, Улсын бүртгэлийн газрыг буруутгаж байгаа юм. Нэрийн давхардал үүссэн нь оюуны өмчийн хулгай байна гэж хэлсэн минь үнэн. Түүнээс биш хэн нэгнийг хулгай хийсэн, хулгайч гэж хэлээгүй. Би ямар нэгэн хууль бус үйлдэл, буруу зүйл хийгээгүй учраас хэн нэгнээс уучлалт гуйх шаардлагагүй" хэмээв.