Байгалийн ухааны хичээлүүд буюу хими, физик, биологи, мөн математик, мэдээлэл зүйн олон улсын олимпиадад Монгол Улсаа төлөөлөн оролцсон багш, сурагчид энэ жил онцгой амжилт гаргасан. Хэдийгээр цар тахлын хүнд хэцүү цаг үе байсан ч БШУ-ны сайд олон улсын олимпиадад оролцох багийн бүрэлдэхүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийг байгуулан багш сурагчдаа бэлтгэх, оролцуулах боломжийг бүрдүүлсэн юм. Ингээд үндэсний хэмжээний шалгаруулалтад 21 аймаг, 9 дүүргийн нийт 5466 суралцагч оролцож, шилдгийн шилдэг 23 суралцагч олон улсын олимпиадад эх орноо төлөөлөн оролцсон. Олон улсын олимпиадад давхардсан тоогоор 420 орны 1973 суралцагч оюун ухаанаа сорьсноос Монголын сурагчдын 78,2 хувь буюу 18 сурагч шагналт байруудад шалгарсан юм. Өнөөдөр үе тэнгийн найз нөхдөө манлайлан суралцаж, эх орныхоо нэрийг дэлхий дахинаа дуурсгасан сурагчдад Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал олголоо.
Олимпиадаас алтан медаль авсан сурагчид 10 сая, мөнгөн медаль 5 сая, хүрэл медаль 3 сая, тусгай байрт шалгарсан сурагчид 1 сая төгрөгийн батламж гардуулж байгаа юм.
Мөн энэ жил сурагчдаа урамшуулахаас гадна энэ бахархам амжилтыг үзүүлэхэд олимпиадын хороодын үүрэг оролцоо, үйл ажиллагаа чиглэгдсэнийг үнэлэн, олимпиадын хороо тус бүрийг БШУ-ны сайдын тушаалаар тус бүр нь 10 сая төгрөгөөр урамшууллаа.