Боловсрол, шинжлэх ухааны яам болон “Facebook” компани хамтран Монгол Улсын 1000 багшид тоон бичиг үсгийн боловсролыг сургууль дээр нь олгох хамтын ажиллагааг эхлүүллээ. Хамтын ажиллагаа нь “Facebooк” компанийн 2021 оны дөрөвдүгээр сараас Монголын интернэт хэрэглэгчдэд боловсрол олгох, өөрийн аюулгүй байдлаа бүрэн хангаж чаддаг, эерэг, хариуцлагатай дижитал иргэдийг бэлтгэх “We Think Digital” боловсролын төслийн дараа эхэлсэн. Энэхүү хөтөлбөрийг БШУЯ, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, НҮБ-ын Хүүхдийн сан /UNICEF/, MFCC тэргүүтэй байгууллагуудын дэмжлэгтэй “Faro Foundation Mongolia” ТББ Монгол Улсад хэрэгжүүлж байгаа юм.
Хамтын ажиллагааг эхлүүлэх цахим уулзалтын үеэр БШУ-ы сайд Л.Энх-Амгалан “Сүүлийн хоёр жилийн хугацаанд маш олон сорил бэрхшээлтэй тулгарч, цар тахлын улмаас хүүхэд залууст боловсролын хоцрогдол үүсээд байгаа. Бид алдагдсан цаг хугацааг нөхөж, хүүхэд залуусынхаа боловсролд ихээхэн анхаарал хандуулахаар ажиллаж байна. БШУЯ Facebook компанитай хамтран Монголын хүүхэд залуусын ирээдүйн боловсролд хөрөнгө оруулж байгаад туйлын баяртай байна” гэв.