Цэцэрлэг, сургуулийн хөгжмийн багш нарыг чадавхжуулах сургалтыг өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгуулжээ. Тус сургалтад эхний ээлжинд аймаг, дүүрэг бүрээс дөрвөн буюу нийт 120 багшийг хамруулсан байна. Сургалтын багшаар Төрийн соёрхолт, зууны манлай бүжиг дэглээч С.Сүхбаатар, Хурд хамтлагийн гитарчин, МУГЖ Д.Отгонбаяр, төгөлдөр хуурч Б.Чинбат, дуучин Э.Дашням, Монголын бүжгийн академийн тэргүүн Д.Сувдмаа нар ажиллав. Сургалтад оролцсон багш нар сургууль бүртээ очиж сургалтаа бусад багш нартаа түгээх ментор багш хийх юм. Ийнхүү багш нар хүүхдүүддээ Уртын дууны амьсгалын дасгал, бие биелгээ, хөгжимт хөдөлгөөний зохиомжийг зааж, авьяаслаг сурагчдынхаа уран бүтээлд уран сэтгэмжээр дууны найруулга, дуу бичлэгийн анхны хичээлийг заах боломж бүрдэж буй хэмээн албаныхан мэдээллээ.