Алтанбулагийн чөлөөт бүсийг байгуулсан бил үү. Сайншандын аж үйлдвэрийн парк байгуулах төслийн хувь заяа юу болсон бэ. Одоогоос бараг 10 жилийн өмнө БНХАУ-ын Гадаад хэргийн яамнаас Монголын сэтгүүлчдийг тус улсад аялуулах хөтөлбөрийн хүрээнд “Чалко” компанийн удирдлага хэвлэлийнхнийг хүлээж авсан юм. Нэгэн үе монголчуудын ах, дүү мэт танил болох шахталаа нэр нь удаа дараа дурдагддаг байсан тус компанийн ерөнхийлөгч “Монгол Улсын Засгийн газраас байгуулах гэж буй Сайншандын аж үйлдвэрийн парк бол танай улсын эдийн засагт дорвитой хувь нэмэр оруулах төсөл. Манай улсын зүгээс анхаарал сайтар хандуулж байгаа. Олон талаар харилцан ашигтай хамтарч ажиллах байх хэмээн найддаг” гэж ирээд л яриа өрнүүлж байв. Тэр үед төслийн талаар албаныхан их л гоёор ярьж, бум бужигнаж, түм түжигнэсэн, мөнгө гээч нь наашаа ч, цаашаа ч урссан, үйлдвэрлэгчид, жирийн иргэдэд ч үр өгөөжтэй, түүхэн ач холбогдол бүхий ажил хэмээдэг байв. Харамсалтай нь, манай улсын төр, засгийн зүгээс уг төслийг ямар ч хэл үггүйгээр, элсэнд ус асгах лугаа адил алга болгочихсон.
Бас нэгэн явуулдаг ч үгүй, бүрмөсөн цуцалдаг ч үгүй, сонгууль болохоор л босгож ирээд, дараа нь “хэвтүүлчихдэг” төсөл бол Эгийн голын усан цахилгаан станц барих юм. Сайтар тоолбол үүнийг 30-аад жилийн өмнөөс ярьж эхэлсэн. Амаараа бол хэдэнтээ хэрэгжүүлээд, хэргийг нь гаргачихсан мэт төслүүдийн нэрийг нь энэ мэтчилэн бичвэл нэлээд урт жагсаалт болно. Яагаад энэ бүгдийг сөхөх болов. Манай улсын Засгийн газар ямар ч сайхан төсөл байсан, өөрт нь, өөрсдөд нь ашиггүй бол урагшлуулдаггүй, юухан хээхнээр шалтаглан боож, хаан, бүр эх, үрийн холбоог таслах мэтээр газрын хөрснөөс арчиж ирсэн түүхтэй учир дараа дараагийн ажилд үүн шигээ бүү хандаасай гэсэн утгаар эргэн санууллаа. Эдийн засгийн чиглэлийн, улс орны ирээдүйд стратегийн ач холбогдолтой байж болох энэ мэтээс дутахгүй чухал санаачилгыг ч улс төрийн гал тогооныхон уралдан үгүй хийж ирсэн нь харамсалтай.
Энэ Засгийн газар БШУЯ-аараа дамжуулж их, дээд сургуулийг сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн цогцолбор болгон орон нутагт хөгжүүлэхээ зарласан. Боловсролын салбарыг шинэчлэх, үүрэг, функцийг нь оновчтой болгох талд тустай, эсэхийг нь мэдэхгүй. Юутай ч Дархан-Уул аймаг дахь төрийн өмчийн их сургуулиудыг цогцолбор болгоно гэлээ. Орхон аймаг дахь технологийн сургуулийг инженер, технологийн чиглэлийн цогцолбор болгон хөгжүүлэх зорилт тавив. Мөн Өмнөговь аймагт геологи, уул уурхай, технологийн чиглэлээр ШУТИС-ийн харьяа сургууль шинээр байгуулах болов. Ажлын төлөвлөгөөг БШУЯ-ныхан орон нутгийн онцлог, Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн ШУТИС, АШУҮИС, ХААИС-тай хамтран боловсруулж, хэрэгжүүлэх болсон. Хэрвээ одоо ярьж байгаачлан хийх аваас орон нутагт суралцах оюутнуудад сургалтын төлбөрийн хөнгөлөлт үзүүлнэ. Их сургууль, орон нутгийн захиргаа, бизнесийн байгууллагатай хамтран тэтгэлэгт хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлнэ. Багш, ажилтны нийгмийн баталгааг хөнгөлөлттэй зээлд хамруулах, орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны тэтгэмж олгох эрх зүйн орчныг бүрдүүлэх арга хэмжээг их сургууль, орон нутгийн захиргаа, бизнесийн байгууллагатай хамтран хэрэгжүүлэх замаар хангана. Багш нарын орон сууц, оюутны дотуур байрыг шинээр барина. Үүнтэй холбогдуулан хичээлийн болон дотуур байрны хөрөнгө оруулалт, сургалтын төлбөрийн тэтгэлэг, тэтгэмж, ашиглалтын урсгал зардалд шаардагдах санхүүгийн эх үүсвэрийн асуудлыг Барилга, хот байгуулалтын яам, Сангийн яам хамтран шийдвэрлэх аж. Эдгээр ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэх гэнэ. БШУ-ы дэд сайд Г.Ганбаяраар ахлуулсан баг уг ажлыг хариуцаж буй. Дэд сайд хэдхэн хоногийн өмнө уг асуудлаар ХААИС, ШУТИС, АШУҮИС-ийн удирдлагатай хамт Дархан-Уул аймагт ажиллаад ирсэн.
Тус аймаг дахь их, дээд сургуулиуд бүрэн чадлаараа ажиллавал ШУТИС 3000, ХААИС 2000, АШУҮИС мөн 2000 оюутан хүлээн авах боломжтой юм байна. Гэсэн ч өдгөө ШУТИС 1102, ХААИС 444, АШУҮИС нь 879 оюутантай аж. Хичээлийн байрны хүчин чадал, нөөц боломжид тулгуурлан одоогийн суралцагчдын тоог 2-3 дахин нэмэгдүүлэх боломжтой тухай сургуулийн удирдлагууд мэдэгджээ. Тус аймагт үнэхээр их сургуулийн цогцолбор байгуулбал дээр дурдсанчлан оюутнуудын сургалтын төлбөрийг хөнгөлж, тэтгэлэгт хөтөлбөрт хамруулна. Ажиллах багш, ажилтанд тэтгэмж олгон, орон сууцжуулах төлөвлөгөөг үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Дархан-Уулд хөдөө аж ахуй, газар тариалан, эрчимжсэн мал аж ахуй, ургамал судлалын чиглэлийн сургалтыг төвлөрүүлэх нь зүйтэй гэж дэд сайд Г.Ганбаяр ярьсан байна билээ.
Тэнд үнэхээр ийм цогцолбор байгуулбал зардал нэлээд шаардагдах аж. Нөгөө талаас нь харвал анхаарал хэтрээд халамжийн бас нэгэн хэлбэр цэцэглэх юм биш байгаа гэж хардахаар. Аймгуудын төв дэх сургуулиудыг нийслэл болон бусад аймгийн ижил статустай сургуультай мэргэжлийн давхардалгүй цогцолбор болговол дээд боловсрол, сургалт, чанар гэсэн нэгийг нь нөгөөгөөс тусад нь авч үзэх аргагүй гурвалжингийн хувьд асуудал бага ч болов цэгцрэх байх. Гэтэл Орхонд ч, Өмнөговьд ч технологийн чиглэлээр сургах юм байна. Ийм шаардлага бий юү. Мөн ийнхүү цөөн оюутнаар хэмжихүйц өөрчлөлт хийх болсны зорилго юу вэ гэж асуухаар. Лав эндээс нийслэлийн хүн амын нягтрал багасах төлөв харагдахгүй байгаа.
Манай улсын төр, засгаас боловсролын салбартаа иж бүрэн өөрчлөлт хийх нь зүйтэй гэж үзсээр ирсэн бөгөөд олон асуудлыг шийдэх эрх зүйн боломж гэж үзэж буй Боловсролын тухай багц хуулийг УИХ-аар хэлэлцүүлж эхлээд буй билээ.
2010 онд Засгийн газраас төрийн өмчит таван их сургуулийг эхний ээлжид нийслэлээс нүүлгэх тухай агуулга бүхий тогтоол баталсан бөгөөд үүний хүрээнд Багануур дүүрэг дэх Хүрмэнтийн хөндийд оюутны хотхон байгуулж, шинжлэх ухааны парк, инновацын төвийг ч дагуулан бүтээн байгуулах болж байлаа. Энэ өөрчлөлтийг гол нь нийслэлийн хүн амын нягтралыг сааруулах зорилгоор хийхээр төлөвлөсөн байсан. Хүрмэнтийн хөндий нь тус дүүргийн IV, V хорооны нутаг дэвсгэрийг хамардаг бөгөөд хотхоны ерөнхий төлөвлөгөөг иргэдэд танилцуулахад сайшаан “Зах зээл өргөжин тэлэх нь” гэж хүлээж авсан. ШУТИС-ийн оюутнууд хичээллэх байрыг эхэлж барихаар болоод байв. Оюутны хотхоныг Багануурт барих бүрэн боломжтой гэж үзсэн. Ус, цахилгаан, дулаан хангамж, авто болон төмөр зам гээд дэд бүтэц бэлэн тул хөрөнгө хэмнэх сайн талтай хэмээж байлаа. Мөн уул уурхайн мэргэжлээр суралцах оюутнуудад Багануурын уурхай хэмээх дадлага хийх бааз ч бэлэн гэж тооцоолсон. Ер нь давуу тал ихтэй хэмээн хаана хаанаа дуу нэгтэйгээр шийдсэн билээ.
Гэсэн ч Багануураас хоёр дахин том талбай буюу 1000 га газрыг хамруулан, 100 мянга гаруй хүн суурьших, Улаанбаатарын дагуул хотын тулгуур болох байсан оюутны хотхон байгуулах уг төслийг дараагийн Засгийн газар нь хэрэгжүүлээгүй тул ихээхэн хүч, хөрөнгө зарцуулж гаргасан ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөө бүгд хэрэггүй болж, аль аль талдаа итгэл алдарсан.
Тэгвэл одоогийн Засгийн газар энэхүү их, дээд сургуулийг сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн цогцолбор болгон орон нутагт хөгжүүлэх төслийг үнэхээр хэрэгжүүлэх үү. Дараагийн сонгууль угтуулсан шоу биш биз. Тухайлбал, Өмнөговь аймагт их сургууль байгуулах нь олон нийтийн саналыг авахад тустай арга зам, тактик гэсэн “мэргэн” санаа олсон улстөрчийн харанхуйгаар зүтгүүлж буй санаачилга юм биш биз. Нийслэлийн төвлөрлийг сааруулахад дорвитой нэмэр бо лохгүй юм бол гурван аймагт “үймээн са муун” дэгдээх хэрэг байна уу гэхээр. Боловсролын салбарт реформын шинжтэй өөрчлөлт хийх ажлын хүрээнд их, дээд сургуулиудыг нийлүүлж, нэгтгэх болсон бол хэн, юу хэлэх билээ. Харин энэ удаа бол улстөрчдийн ээлжит шоу биш биз гэж хардахад хүрч байна.