УИХ-ын Тамгын газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-тай хамтран “Боловсролын шинэчлэл ба хүмүүнлэг боловсрол” хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгуулав. Энэ нь “Япон лугаа хөгжье-Японтой хамт суралцах хөгжлийн үйл явц” сэдэвт таван удаагийн цуврал хэлэлцүүлгийн эхнийх аж. Хэлэлцүүлэгт УИХ-ын дарга Г.Занданшатар, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Хироюки Кобаяаши тэргүүтэй албаны хүмүүс, эрдэмтэн, судлаачид, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын төлөөлөл оролцов.
УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэлцүүлгийг нээхдээ технологийн IV хувьсгалын эрин үеэс гадна насан туршийн боловсролын шинэ чиг хандлага болон өнгөрсөн 30 жилийн хугацаанд боловсролын салбарт гарсан ололт амжилт, алдаа дутагдлаа засаж, тус салбарыг цогцоор нь эргэн харах шаардлага гарсныг онцоллоо. Иймд даяаршлын эрин үед өөрсдийнхөө өв уламжлалыг хадгалж, шинэ инновац, олон улсын жишигт боловсролын стандартаа нийцүүлж чадсан Япон Улсын туршлагыг судалж буйгаа тэмдэглэсэн юм. Мөн Боловсролын багц хуулийн төслийг энэ намрын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөснийг дуулгаад, үүнд Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийг багтааж, тусад нь ажлын хэсэг байгуулсан гэв.