“Аваргуудын лиг”-ийн хэсгийн хоёрдугаар тойргийн тоглолтууд өнгөрсөн мягмар гарагт эхэллээ.
АНХНЫ ГООЛ
“Манчестер сити”-гийн эсрэг тоглолтын мэдүүлэгт Л.Месси багтсанаар түүнийг Францын дундаж багт бус, харин Английн хүчирхэг багийн хаалганд “анхны” гоолоо оруулж болох юм гэсэн догдлол маш олон хөлбөмбөг сонирхогчид төрсөн. Аргентин тоглогч ч тэрхүү хүлээлтийн дагуу ПСЖ-ийн төлөө анхны гоолоо орууллаа. Тоглолтын 74 дэх минутад Лео талбайн бараг голд бөмбөгийг хүлээн авч эсрэг багийн торгуулийн талбай хүртэл нэвтрээд К.Мбаппетэй харилцан дамжуулсны эцэст Эдерсоны хаалганы ерийн буланд бөмбөгийг оруулсан юм.
- Л.Месси “Аваргуудын лиг”-т 17 улирал дараалж гоол оруулав. Мөн үдэш “Реал”-ын довтлогч К.Бензема эл ховор амжилтаар түүнтэй нэгдсэн. Түүнчлэн Лео эл тэмцээний хүрээнд Английн багуудын эсрэг 35 удаа тоглохдоо 27 гоол оруулжээ. Тэрбээр бусад улсын багийн эсрэг дээд тал нь 12 гоол оруулсан.
- Хэдийгээр Л.Месси нэр дээрээ гоол бичүүлсэн ч бусад статистик үзүүлэлт нь “даруухан” байв. Нэг цохилт, нэг амжилттай хууралт, 45 дамжуулалтын 41-ийг амжилттай болгосон.
- ПСЖ-ийн төлөө анхны гоолоо оруулахад Л.Мессид дөрвөн тоглолт шаардлагатай байв. Эл тоглолтоос өмнө тэрбээр “Лиг 1”-т “Реймс”, “Лион”, “Аваргуудын лиг”-т “Брюгге” багийн эсрэг тоглосон.
- Тоглолтын дараа Л.Месси “Сити бол гайхалтай баг. Эхний тоглолтдоо тэнцсэний дараа энэ удаагийнхад хожих нь бидэнд маш чухал байлаа. Гоол оруулсандаа их баяртай байна. Сүүлийн тоглолтуудад би бүтэн тоглоогүй, мөн нэг тоглолт өнжсөн. Энэ цэнгэлдэх хүрээлэнд хийж буй ердөө хоёр дахь тоглолт маань энэ байлаа. Би шинэ багтаа дасан зохицож л байна. Хамтдаа тоглох тусам ойлголцол сайжирна. Бид хамтдаа гар нийлж тоглох нь чухал” гэж ярьжээ.
ДУУЛИАНЫ ЭЗЭД
“Аваргуудын лиг”-ийн энэ улирлын гол дуулианы эзэн бол “Шериф”. Албанийн “Теуту”, Арменийн “Алашкерт”, “Црвена звезда”, Хорватын “Динамо” (Загреб) багуудыг эрхийн төлөө тоглолтод хожсон нь Молдавын багийн хувьд ердөө бие халаалт байжээ. Тэд хэсгийн эхний тоглолтдоо “Шахтер”-ыг 2:0-ээр буулгаж авсан бол энэ удаа “Реал”-ыг талбайд нь 2:1-ээр хожлоо.
- Энэ улиралд “Реал”-ыг хожсон анхны баг нь “Шериф” болов. “Эзэн хааны баг” долоон тоглолтын дараах байдлаар тав хожиж, хоёр тэнцэн лигээ тэргүүлж байгаа бол “Аваргуудын лиг”-т “Интер”-ийг ялсан.
- “Шериф” тус тэмцээний эрхийн төлөөх тоглолтуудыг оролцуулаад 10 тоглолтод ялагдаагүй (найман хожил, хоёр хожигдол) байна.
- Эл тоглолтод “Шериф” эсрэг багийн хаалга руу дөрвөн удаа цохисноос гурав нь хаалга онож, хоёр нь гоол болсон бол Мадридын баг харин тэднийг 31 цохилтоор (үүнээс 11 нь хаалгаа оносон) бөмбөгджээ. Молдавын багийн хаалгач Г.Атанасиадис өрсөлдөгчийнхөө 10 цохилтыг амжилттай хааж, тулааны гол баатрын нэг болов.
- “Шериф”-ийн хоёр гоолын эзэн хоёул түүхэнд оров. Ж.Яхшибоев бол “Аваргуудын лиг”-т гоол оруулсан хоёр дахь узбек тоглогч юм. Анхных нь 1999 онд “Реал”-ын хаалганд дубль хийсэн М.Шацких билээ. Хожлын гоолыг 89 дэх минутад оруулсан С.Тилль харин тус тэмцээнд гоолдсон анхны люксембург хөлбөмбөгч боллоо.
- Молдавын багийн жилийн төсөв нь 5-8 сая евро. Гэтэл тэд “Реал”-ыг буулгаж авсан ялалтынхаа төлөө UEFA-аас 2.8 сая еврогийн шагнал авч байгаа юм. “Аваргуудын лиг”-ийн улирал эхэлснээс хойш тэд нийт 20 сая орчим еврогийн орлого олоод байна. Үүнд тус тэмцээнд оролцсоны шагнал болох 15.7, хоёр ялалт байгуулсны урамшуулал 5.6 сая евро багтаж буй. Ийнхүү тэд дөрвөн жилийн төсвөө хоёр тойргийн дараачаар олоод байна.
- “Transfermarkt” сайт Молдавын багийг 12.38, харин “Реал”-ыг 793.5 сая еврогоор үнэлжээ.
Бэлтгэсэн Э.Манлайбаатар