Олон улсын Менделеевийн химийн 55-р олимпиад энэ дөрөвдүгээр сарын 20-26-ны өдрүүдэд болсон. Тус олимпиадад “Орчлон” сургуулийн 11а ангийн сурагч О.Тэмүжин Монгол Улсын анхны мөнгөн медаль хүртсэн бол “Хобби” сургуулийн 11-р ангийн сурагч А.Ирмүүн хүрэл медаль хүртсэн юм. Түүнчлэн “Жаргалан” цогцолбор сургуулийн 11-р ангийн сурагч Б.Гэрэл, “Орхон Эмпати” сургуулийн 12-р ангийн сурагч С.Тулга-Эрдэнэ нар амжилттай оролцож байсан талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл өнөөдөр эл сурагчдын шагналыг Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн гардуулж, улсынхаа нэрийг өндөрт өргөн, үеийнхнээ манлайлсан сурагчдад болон багш нарт нь талархал илэрхийлж, амжилт хүссэн юм. Мөн сурагчдыг бэлтгэн, амжилттай оролцуулсан "Орчлон" сургуулийн багш С.Хүрэлбаатар, "Хобби" сургуулийн багш И.Энхбаяр нарыг Нийслэлийн тэргүүний ажилтан цол тэмдгийг гардууллаа.