Гавьяат тамирчин Э.Цэндбаатар өчигдөр Монголын боксын холбооны Удирдах зөвлөлд хандаж, ДАШТ-д Монголоо төлөөлж оролцох эрх олгооч хэмээн хүсэлт гаргасан. Учир нь, Э.Цэндбаатарыг ёс зүйн хариуцлага алдсаны улмаас шигшээ багаас хасаж, ДАШТ-д оролцуулахгүй гэх шийдвэрийг Монголын боксын холбооны Удирдах зөвлөл хэд хоногийн өмнө гаргаад байсан юм. Тус холбооноос өнөөдөр гаргасан шийдвэрээ танилцуулав. Тодорхой хэлбэл, өнөөдөр Монголын боксын холбооны Удирдах зөвлөл хуралдаж, Э.Цэндбаатарыг хүсэлтийг харгалзан ДАШТ-ий өмнөх сорилт тоглолтод оролцуулахаар боллоо. Тэрбээр залуу тамирчин О.Тулгатай тулалдаж, ялсан нь ДАШТ-д эх орноо төлөөлөн оролцох юм. Сорил тоглолт аравдугаар сарын 3-нд Эрдэнэтийн Сэлэнгэ баазад явагдах тов гарчээ. Мөн тус тэмцээнийг Олон улсын боксын холбооны дүрмээр явуулж, нийт гурван минутаар гурван үе тулааныг хийлгэнэ. Маш хатуу явуулах бөгөөд жинг 60 кг дээр хатуу шалгуураар шүүхээр боллоо.