Улсын хэмжээнд одоогоор ерөнхий боловсролын 205 сургуулийн 86 000 сурагч 100 хувь танхимын сургалтад хамрагдаж байгаа аж. Түүнчлэн танхимын болон танхимын бус хосолсон хэлбэрээр 552 сургуулийн 519 179 сурагч хичээллэж буйг Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээлэв. Цар тахлын тархалт ихэссэнтэй холбоотойгоор 245 сургуулийн 43 351 сурагч танхимын сургалтад хамрагдаж чадахгүй байна. Тэдгээр сургуульд “Ковид-19” илэрсэн учраас зарим бүлэг, давхартаа хэсэгчилсэн хязгаарлалт тогтоосон гэнэ. Тэгвэл нийслэлийн хэмжээнд таван сургууль танхимын сургалтаа бүрэн зогсоожээ. Тухайлбал, нийслэлийн нэг, 52, 118 дугаар сургууль, “Монгол тэмүүлэл”, Багахангай дүүргийн “Хангай” цогцолборын танхимын сургалтыг түр зогсоосон аж. Тэдгээрт нийт 11 703 сурагч суралцаж буй юм байна. Үүнээс гадна таван сургуулийн хичээлийн аль нэг байрыг бүрэн хааж, зайны сургалтад шилжүүлжээ.
Хичээлийн шинэ жил эхэлснээс хойш 252 сурагч “Ковид- 19”-өөр өвчилсөн бөгөөд 6300 хүүхэд ойрын хавьтал болжээ. “Ковид-19”-өөс шалтгаалан ийнхүү цөөнгүй сурагч зайны сургалтад хамрагдахаар болсон тул БШУЯ, Монголын телевизүүдийн холбоо хамтран теле хичээлийн контентуудыг өчигдрөөс орон даяар нэвтрүүлж эхэлсэн юм. Теле хичээлийг 14 телевизээр дамжуулан олон нийтэд хүргэж байгаа аж. Хэдийгээр коронавирус өргөн хүрээнд тархсан ч танхимын сургалтыг бүрэн зогсоохгүй, хэсэгчилсэн арга хэмжээг хэрэгжүүлнэ гэж БШУЯ-наас мэдэгдсэн.
Бэлтгэсэн М.Оч