Өмнө долоо хоногт Монголын боксын холбооныхон Гавьяат тамирчин Э.Цэндбаатарыг Үндэсний шигшээ багаас хасаж буй талаар мэдээлсэн. Ингэхдээ “тэр дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнө дэглэмээ алдаж, шөнийн 02:00 цагт архи ууж, зодоон хийж, тамирчны ёс зүйг зөрчсөн” гэж тайлбарласан юм. Э.Цэндбаатар эхэндээ холбооны удирдлагуудын гаргасан шийдвэрийг эсэргүүцэж, өөрийн цахим хуудсандаа “иргэншлээ солино” гэх утгатай пост хүртэл оруулж байсан. Мөн “Улаанбал” нэвтрүүлэгт оролцох үеэрээ “Х.Нямбаатар ерөнхийлөгчийг сонгосны дараа цайллага болсон. Тэнд дарс, виски байсан” гэж тайлбарлаж. Тэгвэл тэрбээр өчигдөр дээрх ярьсан зүйлсээс арай өөр тайлбар хийжээ. Тодруулбал, “Х.Нямбаатар сайдыг боксын холбооны ерөнхийлөгчөөр сонгосны дараа болсон цайллагад согтууруулах ундаа байгаагүй. Холбооны ерөнхийлөгч болон Э.Бадар-Ууган ахыг битгий буруутгаарай. Бүгд миний буруу. Намайг зодсон хоёр ахдаа ямар ч гомдолгүй. Би дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох дүү нарынхаа бэлтгэлийг хангаж ажиллах болно” гэлээ.