БНХАУ-д суралцдаг 10 мянган оюутны төлөөлөл өнөөдөр сургуульдаа сурч чадахгүй байгаа асуудлаар мэдээлэл хийсэн. Тэд:
- Хоёр улсын Засгийн газар тохиролцоо хийгээгүй учир оюутнууд БНХАУ-руу очиж сурч чадахгүй байгаа,
- Ангидаа ганцаараа гадаад оюутан тул зөвхөн надад зориулж цахим хичээл орох боломжгүй,
- Онлайнаар төгсгөх боломжгүй, заавал дадлага хийх шаардлагатай,
- Заасан хугацаанд нь очихгүй бол тэтгэлгийг минь цуцалж, сургалтын зардлаа өөрөө гаргах болоод байна гэх зэрэг олон асуудлыг хөндсөн юм. БШУЯ, ГХЯ-д тэргүүтэй холбогдох байгууллагуудад удаа дараа өргөдөл өгч байгаа ч одоог хүртэл дорвитой хариу өгөөгүй гэнэ. Эл байдалд оюутнууд цаг хугацаа, эд хөрөнгөөрөө хохирч буй тул БНХАУ-руу очиж суралцаж, сургуулиа төгсөхийн тулд ПСР шинжилгээ өгч, тусгаарлалтад орох зэрэг өөрсдийн зүгээс чадах бүх зүйлээ хийхэд бэлэн гэдгээ илэрхийллээ.
БНХАУ Монгол оюутнуудыг яагаад хүлээж авахгүй байгааг ГХЯ-аас тодруулахад “БШУЯ, ГХЯ зэрэг газрууд нөхцөл байдлыг ойлгож, хятадад сурах оюутнуудаа явуулах гэж хичээж байгаа боловч нөгөө талаас хүлээж авахгүй байна.Үүнд манай улсад илрэх халдварын тохиолдол нөлөөлж буй. Мөн БНХАУ-д өвлийн олимп зохион байгуулах тул тэдний зүгээс хилээр нэвтрүүлэхэд маг хатуу хяналт тавьж байгаа. Бид ч бас нэг сараас хойш шаардах бүх бичиг баримт, хүсэлтийг илгээсэн. Гэвч одоо болтол хариу өгөөгүй” гэв.